Өнөөдөр Монголын улстөрд хамгийн дуулиан тарьж байгаа эрхэмээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тодроод байгаа билээ. УИХ-ын чуулганы хуралдаанд хамгийн идэвхтэй оролцдог тэрээр сүүлийн үед МАХН-ын дарга болохоор тодорхой тэмцэл, хурал чуулганыг төрийн ордонд хүртэл хийгээд амжсан. Төрийн ордонд болсон хэл амтайхан тэр хурлаас УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын даргаар өргөмжилсөн шийдвэрийг тус намын хязгаарлагдмал тооны гишүүдийн зүгээс гаргасан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын дээд шүүх О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх боломжгүй гэх шийдвэрийг гаргаж түүнийг тун эвгүй байдалд оруулсан билээ. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дэд дарга С.Ганбаатар тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийж, “О.Баасанхүүг МАХН-аас албан ёсоор хөөсөн.
Одоо МАХН УИХ-д суудалгүй нам болсон” хэмээн мэдэгдээд байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өчигдар Төрийн ордонд “Улсын Дээд шүүхийн тогтоолыг бичгээр аваад, нарийн танилцаж үзнэ. Бичиг баримт нэмж бүрдүүлэх, баталгаа нэмж шаардах асуудлууд байхыг үгүйсгэхгүй. Тогтоолтой танилцаад, хүсэлтээ дахин өгнө. Намайг МАХН-ын эгэл жирийн гишүүд даргаараа сонгосон.
Намын гишүүдийн санал, шийдвэрийг шүүх байгууллага үнэн, буруу гэж дүгнэдэггүй юм. МАХН-ынхан намайг намаасаа хөөлөө гэж найм дахь удаагаа мэдэгдэж байна. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол надад 228 сая төгрөгийг буцаан төлөх ёстой. Учир нь УИХ-д байгаа суудлынхаа тоогоор жил бүр 10 сая төгрөг, гишүүдийн мөнгө болгож 114 сая төгрөгийг МАХН авсан. Энэ мөнгийг МАХН-д олгож болохгүй гэсэн албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн ч Сангийн яам мөнгийг нь МАХН-нд өгчихсөн байсан. Хэрэв би МАХН-ын гишүүн биш юм бол хоёр жилийн 228 сая төгрөгөө буцаан авч, Орхон аймгийн иргэддээ зориулах байсан юм. Бадарчин баярлах болоогүй. Асуудалд үе шаттайгаар хандана. Захиргааны хэргийн шүүхэд ч хандана.
Намын гишүүн байх эсэх нь тухайн иргэний эрхийн асуудал болохоос хэн нэгэн оруулдаг, хөөдөг үйл явдал биш” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Мөн тэрээр “МАХН өөрийн гэсэн байргүй. Намын байрны 500 мянган ам.долларын асуудал шүүх дээр залилангийн хэргээр явж байгаа. Н.Энхбаяр Г.Шийлэгдамбад 40 мянган ам.долларыг нь эргүүлэн төлж хэргийг нь хөнгөрүүлэх ёстой. МАХН шударга бус хүмүүсээс салах цаг нь болсон. Миний бие өнгөрсөн долоо хоногт нэг асуудлыг удаа дараалан хөндөж тавьсан. Тэр нь хувь хүний орлогын албан татвар шатлалтай нэмэгдсэнийг буцаж нэг шатлалтай болгох, тэтгэврийн насыг буцааж өөрчлөх эрэгтэй 60, эмэгтэй 55 болгох асуудлаар хууль, тогтоолын төсөл өргөн барих гэж байгаа.
Үүнийг дэмжих хүмүүсээс гарын үсэг цуглуулж 10 мянгад хүргэнэ. Нээлттэй хэлэлцүүлэг хийх саналаа УИХ-д танилцуулна. Хэлэлцүүлэг явуулахыг шийдэхгүй бол жагсаал, цуглаан, өлсгөлөн гээд дараа дараагийн арга хэмжээнд орно. Энэ ажилдаа Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүсч байгаа” гэсэн юм. Хэрвээ Ерөнхийлөгч дэмжихгүй бол түүнийг Төрийн ордноос гаргах, УИХ-ыг тараах асуудлыг хүчтэй өрнүүлэх болно гэдгээ ч мэдэгдлээ.
Ямартай ч, өнөөдөр УИХ-д ямар статустай сууж байгаа нь тодорхойгүй байгаа О.Баасанхүү гишүүн “Ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр улстөрийн олон акци зохион байгуулах бололтой. Харин МАХН-ын дарга хэвээрээ байгаа Н.Энхбаяр түүний эсрэг ямар тэмцэл явуулах, түүнийг хэрхэн ганцаардуулахаар төлөвлөж байгаа нь одоохондоо нууц байна. Гэхдээ энэ хоёр хүний тэмцэл дөнгөж л эхэлж байгааг О.Баасанхүү гишүүн далд утгаар илэрхийлчихлээ. Хойшид юу болохыг, ямар тэмцэл явагдахыг харах, хүлээх л үлдэж байна.