Гэвч тус улс өнгөрсөн оны долдугаар сард зарласнаар энэ оны эхнээс хог хаягдал хүлээж авахаа зогсоожээ. Зургаан сарын хугацаанд Европ, АНУ-ын компаниуд хаягдлыг хүлээж авах өөр улс орныг хайсан ч үр дүн муутай байгаа гэнэ.
Хог хаягдлыг дахин боловсруулах ажиллагаа нь байгаль орчинд муугаар нөлөөлж байна гэдэг шалтгаанаар Бээжин уг хоригийг тавьсан юм. Хоригт 24 төрлийн хуванцар, цаасан, даавуун хог хаягдал багтжээ.
Зөвхөн 2015 онд Хятад улс 49.6 сая тонн хог хаягдал гадаад орнуудаас импортлосон байдаг. Европын Холбоо ангилж ялгасан хуванцар хаягдлынхаа талыг гадагшаа гаргадгийн 85 хувь нь Хятадад ноогдож байв. Ирланд улс гэхэд дангаараа хуванцар хаягдлынхаа 95 хувийг 2016 онд Хятадад экспортложээ.
Мөн тухайн онд АНУ 16 сая тонн хаягдал Хятадад гаргасан нь $5.2 тэрбумын үнэ хүрсэн байна. Харин Хятадын тавьсан хориг эдгээр улс орнуудад “газар хөдлөлт” мэт гамшиг болсон тухай Олон Улсын Дахин Боловсруулах Товчооны тэргүүн Арно Бруне ярьжээ.
Одоо бусад улсууд Энэтхэг, Пакистан, Зүүн Өмнөд Азийн орнуудыг сонирхож байгаа ч зардал нь Хятадынхаас өндөр болж байгаа гэнэ.
Хятадад хог нийлүүлэх ажиллагаа хямд байдаг нь хаягдал хүргэсэн хөлөг онгоцнууд буцахдаа өргөн хэрэглээний бараа тээвэрлэж ирдэг байсантай холбоотой ажээ.
Үүнээс болоод АНУ-ын зарим бүс нутгуудад хог хаягдлаа багтаах газаргүй болж, ил задгай ихээр хуримтлагдах болсныг тус улсын Үндэсний Хог Хаягдал, Дахин Боловсруулах холбооны төлөөлөгч Брэндон Райт мэдээлсэн байна.
Үүнтэй зэрэгцэн Хятад дахь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүд ажлын байраа цомхотгож, ашиг орлого нь буурч эхэлсэн байна.
Өчигдөр Европын Холбоо нэг удаагийн хэрэглээний хуванцар хэрэгсэл үйлдвэрлэхийг зогсоож, 2030 он гэхэд бүх хуванцар эдлэлийг дахин боловсруулагдах зориулалттай болгох төлөвлөгөөг танилцуулжээ.