Тус улсын Фландерс мужийн зүүн хойд хэсэгт зүүн Германаас гаралтай эм чоно зочилж, фермийн хоёр хонийг барьж, нэг хонийг шархдуулсан тухай орон нутгийн иргэд мэдээлсэн байна.
Наяа нэртэй энэ чоно ирэх тавдугаар сард хоёр нас хүрнэ. Түүнийг зургаан сартай байхад нь Дрездений Техникийн их сургуулийн судлаачид хүзүүнд нь байрлал мэдээлэгч төхөөрөмж зүүн байгальд тавьсан гэнэ.
Харин Наяа өнгөрсөн аравдугаар сард төрөлх сүргээсээ салж, Германыг хөндлөн туулан Нидерландад хүрсний дараа нэгдүгээр сарын 3-нд Бельгийн хилийг давжээ.
Түүнийг Нидерландын хилээс 25 км зайтай Леопольдсбург тосгоны орчимд төвхнөсөн гэж судлаачид үзэж байна.
Наяа Бельгид суурьшсан нь Европ даяар чонын сүрэг шинээр тархаж эхэлсэн тухай мэдээллийн сүүлийнх нь юм. Өнгөрсөн онд Данийн баруун Ютландад 200 жилийн дараа чонын сүрэг бий болсныг эрдэмтэд мэдээлж байв.
“Бид чонон сүргийн их нүүдэлтэй тулгараад байна. 2000 онд зүүн Германд бэлтрэгтэй анхны чонон сүрэг бий болсон. Одоо тэнд тоо толгой нь 74 хүрээд байна. Нидерландын хилийн ойролцоох доод Саксонд 2012 онд ганцхан эмэгчин амьдарч байсан бол өнөөдөр 14 бэлтрэгтэй болжээ” гэж Наяагийн аялалыг судалж байгаа Вагенинген их сургуулийн судлаач Хью Иенсман ярьжээ.
Европт тариалангийн эзгүй хаягдсан газрууд нэмэгдэж, дахин зэрлэгшиж байгаа нь чонын сүрэг өсөх нөхцөл болж байна. Залуус хотыг зорьж, орон нутаг эзгүйрсэн нь ч үүнд нөлөөлж байгаа гэнэ.
Байрлал мэдээлэгчээс авсан дата Наяаг 30-70 км газар нутгийг өөрийн эзэмшил болгосныг харуулж байгаа аж. Наяагийн суурьшсан газар цэргийн зориулалттай бүс нутаг тул хүний хөлөөс хол байдаг. Энэ газар нутагт туулай, буга зэрэг зэрлэг амьтдын үлдэгдэл илрэх болсон нь шинэ чоно зөвхөн гэрийн хонийг авлахгүй байгааг харуулж байна хэмээн Йенсман ярьжээ.