- Австрали улсын иргэн 27 настай залуу бүсгүй Holly Butcher ясны хорт хавдрын улмаас энэ сарын 3-ны… өдөр амиа алджээ. Бүсгүй амьдралд дэндүү хайртай нэгэн байсныг гэр бүл, ойр дотныхон нь онцлоод нас барахаасаа өмнө бичсэн ил захидлыг олон нийтэд дэлгэсэн байна.УДАЛГҮЙ ХОЛЛИГИЙН ЗАХИДАЛ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ТҮГЭЖ 131.000 ГАРУЙ ХҮН SHARE ХИЙЖЭЭ. “Би өөрийгөө үргэлж л нас ахиж, бууралтсанаар төсөөлдөг байсан. Гэтэл амьдрал таамаглахын аргагүй гэнэтийн эргэлтээр дүүрэн юм. Хайртай хүмүүстэйгээ ахиад хэсэгхэн ч гэсэн хамт байхыг ямар их хүсч байна вэ? Хэцүү бэрх хором мөчөөс ч аз жаргалыг мэдэр, хүмүүсээ! Аз жаргалыг холоос бүү эр. Та ямар ч биетэй байсан, одоо байгаа эрүүл саруул махбодоо л хайрлаж яваарай”.Хорин зургаахан насандаа үхлийг хүлээн зөвшөөрөх надад бэрх байсан. Гэвч энэхүү захидлыг бичин суугаа үед ч үхэл мөдхөн хүрээд ирэх вий гэсэн айдастай сууна. Би хорин хэдхэн настай шүү дээ. Би явмааргүй байна. Амьдралдаа хэчнээн их хайртай гээч. Бас дэндүү аз жаргалтай… Хайртай хүмүүс минь дэргэд байхад өөр юу хэрэгтэй гэж? Гэвч амь нас минь надаас холын хол алсарсаар байна.
- Би энэхүү тэмдэглэлээ “Үхэхийн өмнөх гэрээслэл” гэж нэрлэхийг хүссэнгүй. Учир нь үүнийг уншин суугаа танд би амьдралын хором бүр аз жаргал гэдгийг л хэлэхийг хүссэн юм. Үхлийн ирмэг дээр ганцаар зогсоход надад ахиад ганц л удаа гэр бүлтэйгээ хамт байх, ахиад ганц л шинэ жилийн баярыг тэдэнтэйгээ хамт өнгөрөөх эцсийн хүсэл төрж байна. Өөр юу ч биш.Бид өөрөө өөртөө төгс биеийг төсөөлж, түүндээ хүрэхийн тулд одоогийн өөрийгөө дорд үздэг. Танд байгаа бие махбод л хамгийн төгс нь юм шүү.Үхлийн оношоо сонссоноос хойш би олон гайхалтай хүмүүстэй уулзаж, амьдралын баяр хөөрийг мэдэрлээ. Тэдэнд буцааж өгөх юу ч байхгүй атал тэд намайг өгөөмөр сэтгэлээр хайрласан. Танд би ахин хэлье. Таны найз эсвэл танихгүй нэгэн ч танд өөрийгөө дорд үзэх сэтгэгдэл төрүүлж байвал тэднийг зүгээр л найзын хүрээнээсээ устгаж орхи. Фэйсбүүкт ч, амьдралд ч тэд хэрэггүй.Өг, өг, өгцгөөе. Таны өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайхан зүйл бол бусдад туслах. Би ахиад нэг хүнд ч болов тус хүргэчихээд энэ хорвоог орхихсон гэж хүсч байна. Харин танд бүхэл бүтэн амьдрал байна шүү дээ.Төгсгөлд ирэхэд танд өнөөг хүртэл цуглуулж, хуримтлуулсан мөнгө ямар ч утгагүй санагдах болно. Яг л над шиг. Тийм ээ, мөнгө үхлийн өмнө юу ч биш. Юунд зориулна гэж мөнгө цуглуулна вэ? Дуртай даашинзаа өмс, дуртай газраараа аял.Хэн ч таныг нэг хувцсаа хоёр удаа өмслөө гэж шүүх эрхгүйг сана. Үүний оронд найздаа зориулан бэлэг ав. Хамт хооллож, инээлдэж, аз жаргалыг мэдэр.Бусдын цагийг хүндэтгэ. Өөрийн бардамналаа хангахын тулд бусдыг хүлээлгэхээ боль. Тэд таны төлөө танд зориулан цаг гаргаж байна. Тэдэнд таларх. Та бас хүндлэгдэх болно.Мөнгөө туршлага хуримтлуулахад зарцуул. Эд материалд биш сэтгэл зүрх, оюун ухаандаа л үүнийг зориул. Далайн эрэгт гүйж, хүйтэн усанд хөлөө дүр. Байгал эх таныг хүлээж байна.Утасныхаа дэлгэцэнд биш, амьдралынхаа хором бүрт анхаарал хандуул. Төгс зураг, сайхан постоос илүү аз жаргал тэнд бий. Хүн бүхэнд таалагдахын тулд бүү амьдар.Гэрээсээ гарахын тулд хэдэн цагийн турш толины өмнө эргэлддэг үү? Тэгвэл үүнийгээ яагаад хайртай хүмүүстээ зориулж болохгүй гэж? Тэд таныг байгаагаар чинь л хайрладаг шүү дээ.
- Өглөө эрт босоод, шувуудын жиргээг анхааран сонс. Хөхөмдөг тэнгэрт гэрэлтэн туяарах нарны илчийг мэдэр.Хөгжим сонс. Аль болох ихийг. Хөгжим бол эмчилгээ. Хуучных нь бүр ч илүү.Нохойгоо эрхлүүл. Хайрыг мэдэр.Утсаа холхон тавиад, найзтайгаа ярилц. “Чамаар юу байна даа?” гэж хэлээд түүний утсыг ч холдуул.Хүссэн газар луугаа үүргэвчээ аваад аял. Та нэг л амьдарна.Амьдрахын төлөө ажилла. Ажиллахын тулд амьдрах хэрэггүй. Сэтгэл зүрхээ аз жаргалаар дүүргэхийн тулд хүссэн бүхнээ хий.Дургүй зүйлдээ зоригтойгоор “Үгүй” гэж хэл.Хайртай хүмүүстээ “Хайртай” гэдгээ илэрхийлэх боломжийг бүү алд.Танд таны амьдрал байна. Та өөрийн амьдралаа өөрчилж чадна. Энэ орчлонгоос та хэзээ явахаа мэдэхгүй. Тиймээс нэг хормыг ч дэмий бүү өнгөрөө.Энэ бүхнийг танд зөвлөн суугаа би бол энгийн л залуухан бүсгүй. Юу хүссэнээ хэрэгжүүлээд хэрэггүйг нь орхино биз ээ.P.S Нээрэн, мартах дөхлөө. Та бусдад буян үйлдэхийг хүсвэл цусны донороос эхлээрэй. Таны хувьд багахан мэт санагдах ч өөр нэгэнд өгүүлж баршгүй их тус болох юм шүү. Сайхан сэтгэлт доноруудын хүчээр би нэг жил амьдарсан. Талархаад баршгүй. Энэ жил миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй үе болж өнгөрсөн юм шүү.