Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ойн арга хэмжээ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн номын сангийн зайнаас хандах төвийн нээлт, фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ:
-Эрхэм зочид, хүндэт хатагтай, ноёд оо,
Та бүхэнд 1993 оны 1 дүгээр сарын энэ өдөр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд хоёр тал гарын үсэг зурж, Монгол, Оросын баялаг түүхт, уламжлалт найрсаг харилцаа шинэ нөхцөл байдалд нийцсэн шинэ хуудас нээсэн түүхэн өдрийн баярын мэндийг хүргэе.
Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох Санкт-Петербург хотын тухай болон тус хотын фото зурагчдын 18 дугаар зууны Монгол орны түүхэн бодит байдлыг буулгасан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр орны найрамдал, монгол судлалын эрдэм шинжилгээний ажлын ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнтэй баримт болж байгаа юм.
Үүний зэрэгцээ “Борис Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим уншлагын танхимыг Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг түшиглэн байгуулж байгаад талархал илэрхийлье.
Хоёр улсын найрамдалт харилцааг мэдээлэлжүүлэлт, мэдээлэл-харилцааны технологи, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр орны эрдэмтэн мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх үйлсээр өргөжүүлж буй Оросын Холбооны Улсын хувь нийлүүлсэн “ЦентрИнформ” нийгэмлэг болон Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн үйл ажиллагаа улам батжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л боломжит хувилбараар улам өргөжин хөгжихийн ерөөл дэвшүүлье гэлээ.