Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хатагтай Сюзан Торнтоныг Монгол-Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлсэн юм. Мөн тэрбээр Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад тус улстай хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн чухал саналууд байгаагаа онцолж ярилцлаа. Офшоор бүсэд данс эзэмшиж байгаа Монголын иргэдийн талаархи мэдээллийг олж авах, тэнд байгаа Монгол Улсын хөрөнгийг буцаан оруулж ирэхэд тус улсын дэмжлэг чухал байгааг онцлон тэмдэглэв. Авлигын эсрэг ихээхэн үр дүнтэй ажиллаж байгаа Румын улсын АТГ-ын дарга эмэгтэйн жишээг Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаад тэр эмэгтэй ганцаараа энэ ярвигтай ажлыг хийж байгаа гэж харахаас илүү АНУ-ын Засгийн газар түүнийг энэ талын мэдээлэл олж авахад нь тусалж байгаа гэж бодож байна. Манай Авлигатай тэмцэх газарт мөн энэ тусламж хэрэгтэй байна хэмээн онцолсон юм.
Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нэвтрүүлэх тухайд тус улсын Конгрессоор шийдвэр гаргуулахад анхаарал хандуулахыг мөн АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтоноос хүслээ. Уг шийдвэрийг гаргуулж чадвал 30 000 орчим монгол эмэгтэй ажилтай болно гэсэн тооцоо байгаа юм байна.
АНУ-ын Төрийн департментын туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг дурдаад Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл ойрын хэдэн саруудад бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн тэрбээр Монгол Улс-АНУ хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа онцлон тэмдэглэж, Монголын зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны төлөө энхийг дэмжих ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдал, Монгол Улс руу гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэх мэт сэдвээр харилцан санал солилцлоо. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн жил тохиосон, энэ хугацаатай харьцуулахад хоёр орны хоорондын худалдааны эргэлт дөнгөж 300 сая ам.доллар байгаа нь чамлалтай тоо хэмээн тэд санал нэгдэж ярилцсан юм.