Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагыг Яармагийн дэнж буюу Буянт-Ухаа хороолол орчим руу нүүлгэн шилжүүлэх болно гэдэг мэдээллийг өнгөрч буй долоо хоногийн пүрэв гаригт мэдэгдсэн нь утаанаас айлаа гэх шүүмжлэлийг араасаа дагуулаад байна.
Буянт-Ухаа хороололтой ойр орших газрууд нь Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол багатай бүс юм.
Хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх санаачилга анхных биш. Ардчилсан намыг эрх барьж байх үед хотын дарга асан Э.Бат-Үүл хотын захиргааг Ханын материал руу нүүлгэн шилжүүлж, Баянхошуу орчмын гэр хорооллыг хөгжүүлж, утааг ч давхар шийднэ гэх гаргалгааг гаргасан. Шав ч тавьсан. Иргэд дээрх санаачилгыг дэмжиж байлаа.
Гэвч сонгууль залгаж, ялагдсанаар Э.Бат-Үүл даргын мөрөөдөл дараагийн даргын шийдэх асуудал болж хувирсан гэж хэлж болно.
Харин С.Батболд дарга өмнөх удирдлагын шийдвэрийг үргэлжлүүлж, Ханын материалд хотын захиргааг барих болно гэж мэдэгдэж байсан ч агаарын бохирдол хамгийн өндөр авч буй бүсээс жийрхсэн бололтой, Яармагийн дэнжийг ониллоо.
Удахгүй хавар болж, газар гэсэхэд шав тавих болов уу. Гол нь хотын захиргаа босдог л байгаа даа.