УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Донорын тухай хуулийг анх 2000 онд баталж, 2012 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Эмч нарын мэдлэг, ур чадвар дээшилсэн, техник, тоног төхөөрөмж нэг үеэ бодвол сайжирсан зэрэг нь дотооддоо эмчлэх боломжтой өвчний тоог нэмэгдүүлж байгаа. Харин хууль эрх зүйн хувьд дутагдалтай зүйлс байна гэж үзэн Засгийн газраас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан юм. Донорын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар тархины үхжилттэй болон амьд гэсэн хоёр төрлийн донорын асуудал хуульчдагдах юм. Тархины үхжилттэй буюу бурхан болсон иргэний эд эрхтнийг донор болгох асуудлыг Монгол Улс анх удаа хуульчилж байгаа нь энэ. Ингэхдээ тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх шаардлага тавигдаж буйн зэрэгцээ гэр бүлийнхнийх нь зөвшөөрлийг авсан байх ёстой юм. Мөн амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг зөвхөн гэр бүлийн гишүүнд нь хамаарахаар зааж өгчээ.
Донорын асуудал нь ашиг хонжоо олох зорилготойгоор хүний эд эрхтний наймааг бий болгочих вий гэсэн хардлагыг дагуулж байдаг. Тиймээс эмч, өвчтөн, донор болон тэдний ар гэрийнхнийг ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоохыг хуулиар хориглож байгаа бөгөөд тэднийг хооронд нь холбож зуучлах бүтэц бий болгох юм байна.
1998 оноос хойш Монгол Улсын иргэд гадаад руу явж эмчилгээ хийлгэхэд нийтдээ 110 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн судалгааны дүн гарчээ. Донорын асуудлыг нарийвчлан тусгасан энэхүү хуулийн төсөл батлагдсанаар эмчилгээ хийлгэхээр гадаадыг зорих иргэдийн тоо буурна гэж үзэж байгаа юм. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр Донорын тухай хууль батлагдаж, ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр боллоо.