Банк, санхүүгийн байгууллагын хууль эрхзүйн орчныг шинэчлэх, олон улсын байгууллагын стандарыг мөрдөх, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, эдийн засаг, иргэдийн эрэлт хэрэгцээнд тохируулах, хяналтыг сайжруулах зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай Банкны тухай хуулийн төсөл өнөөдөр чуулганы хуралдаанаар батлагдана. Өмнөх долоо хоногт Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтбөрийн хүрээнд тэдний зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэх үүднээс зарим өөрчлөлт оруулан баталсан юм.
Харин Б.Жавхлан нарын санаачлан боловсруулсан Банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг гишүүд намрын чуулганы турш олон талаас нь хөндөн хэлэлцлээ. Батлагдах өдөр хүртэлх хэлэлцүүлэг бүрт гишүүд олон талаас нь шүүж, маргаантай асуудалд ажлын хэсэг дээр дахин санал нэгтгэхээр ярилцах үүрэг авч байсан.
Иргэд олон нийтийн хувьд банк “хүйтэн инээмсэглэлтэй, хүнд суртал”-тай газар. Хэдийгээр “Зээл авахад амархан боллоо” гэж банкууд сурталчилдаг ч тэдний тавьсан шалгуурт нийцүүлэх материал бүрдүүлэх гэж иргэд хэдэнтээ эргэж буцаж, цаг хугацаа алддаг. Хэрэгцээнээсээ хамаарч зээл авах гэсэн иргэд банкны шалгуурт нийцүүлэх гэж барьцаанд тавих эд хөрөнгийн бүртгэл, үнэлгээнээс эхлээд гэр бүлийн байдал, ойрын хамаатан садан гээд гурван үеийн намтраа бичих нь холгүй юм болдог. Тиймээс УИХ-аар банкны салбарын хуулийн төслүүд зэрэг хэлэлцэгдэх үед оло нийт зээлийн хүүг бууруулах эсэхэд чих тавьж байсан. Ямартай ч “Арилжааны банкны хүүгийн дээд хязгаарыг Төв банк тогтоох” тухай хуулийн төсөл дэх заалт гишүүдийн шүүмжлэлтэй тулж, дэмжигдээгүй буцсан. Учир нь “Монгол Улс 1990 онд чөлөөт зах зээлийг сонгосноор эдийн засгийн шинэ харилцаанд орсон. Хэрэв одоо зээлийн хүүд дээд хязгаар тогтооё гэвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо руугаа буцаад бүх нийтээрээ орох хэрэгтэй. Товчхондоо бол зээлийн хүү гэдэг маань бүтээгдэхүүний үнэ. Зах зээлийн тогтолцоогоороо бий болж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр УИХ хязгаар тогтоож болох юм бол бүх л бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ дээр дээд хязгаар тогтооё л доо. Жишээ нь, талх, шатахууны үнийг тогтооё. Энэ арга бүтэхгүй шүү дээ, явахгүй. Яагаад гэвэл зээлийн хүү гэдэг маань манай эдийн засгийн шууд өртөг. Зээлийн хүүг буулгахын тулд эдийн засгийн тогтолцоогоо зөв болгох ёстой юм. Гаднаас хэт хамааралтай эдийн засгийн эмзэг бүтцээсээ салж чадвал зээлийн хүү жамаараа буурна. Аливаа нэг бүтээгдэхүүний үнийг хатуу барина гэдэг аюултай. Зээлийн хүүгийн суурь өртөг нь хадгаламжийн хүү. Хадгаламжийн хүүг бага байлгахын тулд инфляц бага байх ёстой. Инфляц найман хувьд тулаад ирлээ. Хадгаламжийн хүү найман хувиас доош орох боломжгүй. Тэгэхээр эдийн засгийн суурь эрсдэлүүдээ макро төвшинд нам дор оруулж байж, хадгаламжийн хүү, зээлийн хүү буурна” гэсэн тайлбарыг хууль санаачлагач Б.Жавхлан хэлж байгаа юм.
Нөгөөтэйгүүр банк санхүүгийн байгууллага иргэдийн итгэлцэл дээр үйл ажиллагаа нь тогтдог. Тиймээс ч банкуудын үйл ажиллагаа эрсдэлд орж, дампуурах үед хадгаламжийн эзэмшигчдийн эрдслийг төр даадаг. Одоо ч үйл ажиллагаа нь доголдвол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төр хариуцна гэсэн заалт хэвээр үйлчлэх байгаа байх. Энэ нь банкинд хадгаламж эзэмшигчдийн мөнгө ямар нэг эрсдлээс баттай хамгаалагдагдаж байгаа. Нөгөө талаас иргэд банкинд гэхээсээ төрд итгэх, даатгуулах нь итгэл илүү байгааг харуулж байгаа юм. Тэгээд ч арилжааны банк дампуурч эрсдэлд ороход төр хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалдаг. Хамгийн сүүлд “Зоос” банк дампуурч татан буугдахад төр худалдан авч, Төрийн банк болгон, хадгаламж эзэмшигчдийг эрсдлээс хамгаалсан. Өөрөөр хэлбэл, дампуурсан банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг иргэдийн татварын мөнгөөр барагдуулсаар ирсэн.
Харин Банкны тухай хуулиар банкны системийн хямралаас үүдэж гарах хохирлыг буруутай үйл ажиллагаа явуулсан банкны эздээр төлүүлэх зохицуулалтыг хуульд тусгаж өгч байгаа юм билээ. Энэ нь мөнгөн хадгаламжтай иргэдийн банкинд итгэх итгэлцүүрийг хэр бэхжүүлэх эсэх нь хуулийн хэрэгжилтээс харагдах биз. Ямартай ч татвар төлөгчдийн мөнгөөр хохирлыг барагдуулдаг асуудалд цэг тавигдах нь.
Нөгөө талаас банкны эзэд охин компанидаа хөрөнгө оруулж, эрсдэл үүсгэдэг асуудал бий. Үүнд мөн хуулийн зохицуулалт хийсэн байна. Тодруулбал тухайн арилжааны банк хараат болон охин компанитай байхыг хоригложээ. Гэхдээ даатгалын зуучлал, кастадион, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг явуулах эрх нь нээлттэй юм билээ. Дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулах бол Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нэмэлтээр эрхэлж болохоор зохицуулжээ.
Ийнхүү банкны салбарын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар батлагдана. Өнөөдөр банкинд зээлгүй айл өрх байтугай иргэн ч байхгүй гэхэд хилсдэхгүй биз. Тиймээс банк, санхүүгийн байгууллагын хууль эрхзүйн шинэчлэл иргэдэд ээлтэй, чирэгдэлгүй хэрэгжээсэй.