Монголд уг нь хавар бүр “синдром”-той нөхдүүд жагсаал цуглаан хийдэг. Гэвч энэ жил төрийн дэмжлэгтэй дүн өвлөөр жагсаж эхлэх бололтой. Яагаад гэвэл энэ удаа жагсагчдын тэргүүнд Монгол улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулга байх бололтой.
Түүний УИХ-ын чуулган болон дүүргийн иргэдтэй уулзсан уулзалтаас ийнхүү дүгнэж болохоор байна. Ингэвэл өмнөх дөрвөн Ерөнхийлөгчөөс тэс өөр харагдах л байх.
Гэхдээ Монгол улс Ерөнхийлөгчөө гудамжинд гартал дампуурсан уу. Үнэхээр тийм бол Х.Баттулга гэх “монгол” үүнд хамаатай юу гэдгийг авч үзэх ёстой. Х.Баттулга гудамжинд явж байгаад гэнэт сонгогдсон Ерөнхийлөгч үү.
Үгүй шүү дээ.
Х.Баттулга бол та бидний хамгийн их хэрэглэдэг өдөр тутмын хэрэглээний мах, талхны үйлдвэр болон Монголын хамгийн дөнгүүр зочид буудлыг өмч хувьчлал нэрээр авсан “тэрбумтан” хүн.
Тэр энэ үйлдвэрүүдээрээ та бидний хармаан дахь хэдэн бор цаасыг хуу хамдаг ч хэзээ ч улсад татвар төлдөг дүнгээр компаниуд нь өөд гардаггүй.
Х.Баттулга УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Зам тээвэр болон ХААХҮ-ийн сайдаар ажилласан ч Монгол улс өөдлөөгүй. Түүнийг гишүүн, сайд байх үед утаа арилаагүй, төмөр зам баригдаагүй.
Орчин үед төмөр замыг хүний гараар биш техникийн хүчээр тавьдаг болсон. Худлаа гэвэл сошиалаар дүүрэн бичлэг байгааг үзэгтүн. Гэтэл манай Ерөнхийлөгч 19 дүгээр зууных шиг төмөр зам тавихын тулд “хөдөлмөрчин цэрэг” гэсэн асуудал ярьж байгааг гадаадынхан төдийгүй дотоодынхон элэг доог хийж байна.
Монгол улсад одоо байгаа ганц төмөр зам УБТЗ-ыг “Аугаа их Эх орны дайн” буюу Дэлхийн 2 дугаар дайны үед эх орноосоо урвасан оросууд болох “505”-ынхан барьсан.
Тэгвэл гар аргаар төмөр зам тавихаар цэрэг болох Монгол цэргүүд 505-ын хоригдлуудаас ялгаа юу. Ийм л энгийн үнэн байна даа эрхэм Ерөнхийлөгчөө.
Тэгээд бас 2 сая төгрөгөөр тэр цэргүүдээ цалинжуулна гэдэг үлгэр яриад явж байх уу. Тэрний оронд тэр Давост очиж эдийн засгийг яаж өөд татах тухай олон улсаас туршлага судлаач.