Зам тээврийн салбарт нэрээ гаргаж, бараг л овоглогдохоор болсон сахал хочит Ж.Бат-Эрдэнийн талаарх зарим баримтыг та бүхэндээ хүргэж байна. Энэ салбарт Төрийн нарийн бичгийн даргаар ажилласнаас өөрөөр төрд алба хашсан гэхээр гавих түүхгүй түүний талаар элдэв янзын мэдээлэл их гардаг.
БАРИМТ 1.Зам тээврийн салбарт нэрээ гаргаж, мөрөө үлдээсэн нэгэн бол Жадамбын Бат-Эрдэнэ. Түүний амьдралын багагүй цаг хугацаа энэ салбартай холбогддог. Тиймээс ч түүнийг зам тээврийн гэж овоглох нь ч бий.
БАРИМТ 2. Энэ ч утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд бараг л “ногоон гэрэл”-ээр багтаж, Зам тээврийн хөгжлийн сайдаар өргөмжилсөн. Ж.Бат-Эрдэнэ салбар удирдаад 100 дахь хоногтойгоо золгох гэж байна. Гэвч түүний салбар удирдсанаас хойшхи ажил тийм ч их биш, чамлалттай байгаа. Ер нь, гарт баригдаж, нүдэнд харагдах зүйл алга.
БАРИМТ 3. Мэдлэг боловсрол, ажлын талбар дахь түүхийн хувьд баялаг юм. Боловсролын хувьд 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургуулийг дүүргэж, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль болон 1998 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн байна.
БАРИМТ 4. Төрд ажилласан гавьяаг нь үнэлж алтан гадас одонгоор мялааснаас өөр гавьяа шагналгүй гэж түүний намтарт дурдаж. Магадгүй бусад жижиг сажиг шагналаа нуун дарагдуулж байгаа биз.
Баримт 5. Ж.Бат-Эрдэнэ живэр сахалтай. Түүнийг сахлаар нь хочлон дууддаг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн “сахал” Бат-Эрдэнэ гэдэг. Ерөнхийдөө Жадамбын гэхээс илүүтэй “сахал” гэдгээр таних нь олон.
БАРИМТ 6. Түүний эхнэр Д.Отгонсүрэн нь нэлээн эрх танхи, дураараа нэгэн гэгддэг. Тиймдээ ч олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэх үйлдэл гаргадаг нэгэн гэнэ. Ж.Бат-Эрдэнийн эрх танхи эхнэр 2014 оны хавар Дэлхийн музейн өдрөөр мотоцикль унасан, эсэн бусын шивээстэй, буруу харуулсан загалмай бүхий туг мандуулсан олон залуусыг Чойжин ламын музейд авчирсан байна. Энэ үеэрээ хагацал, үхлийг магтан дуулсан дуу дуулж, тахилга хийж тус музейн ажилчдын нүдийг бүлтийлгэсэн гэдэг. Музейн ахмад ажилтан “Манай захирал чинь буруу номын чөтгөр шулам шүтдэг хүн юм байна” хэмээн дуу алдсанаас хойш “Сатана” гэдэг хоч зүүх болжээ.
БАРИМТ 7. Үүнээс гадна тус музейн хөх тоосгон хэрмийг нурааж, хувьдаа завшин хувийн хаусуудад камен зуух болгосон байгаа юм. Тодруулбал, Д.Отгонсүрэн 2013 онд Чойжин ламын сүмийн хөх тоосгоор барьсан шавар хэрмийг нурааж хөх тоосгонуудыг улаан тоосгоор солих зэргээр жинхэнэ бужигнуулж эхэлсэн аж.Музейг сэргээн засварлах ажлын тендерт ялж хөх тоосгон хэрмийг нураан улаан тоосгоор орлуулж барьсан “Сүлд-уул” ХХК-ийнхан нөгөө хөх тоосгонуудыг Зайсан, Гачууртын баячуудын хороололд ханын камен зуух болгож өгсөнийг хөрөнгөөрөө гайхуулах дуртай эрхмүүд нүүр номын хуудсаараа харуулж байсан. Гэр бүлийн бизнесийн нэгээхэн хэсэг нь хөх тоосготой холбогдож, хөрөнгийг нь арвижуулах хэрэгсэл болсон байгаа юм.
БАРИМТ 8. УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байх цагт сонгуулийн тойрог мандатын асуудлыг парламентаар ид ярьж байсан. Сахал Бат-Эрдэнэ ч үүнд маш анхаарал хандуулан, горилж буй Булганы тойрог хэдэн мандаттай байх нь уу хэмээн чих тавин сууж байж. Тухайн үед Булганы 39777 сонгогч нэг мандаттай байхаар тогтоход сахал Бат-Эрдэнэ туйлын их сандарч, гомдонгуй байгаагаа илэрхийлж байсан билээ. Яагаад гэвэл ганц мандаттай учир намдаа жийгдчихнэ хэмээн айсан нь тэр.
БАРИМТ 9. Тэрээр улстөрд бол харьцангуй шинэ хүн. 2016 оны сонгуульд МАН-ын туган дор өрсөлдөж, аз од нь гийж ялсан нэгэн. Мань эрийн хувьд “МИАТ” ХХК, “МТЗ” ТӨХК гэсэн хоёр томоохон газрын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай. Энэ хоёр газраасаа овоо гэгч нь “түрүйвчээ түнтийлгэсэн” гэж учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Энэ нь ч оргүй хоосон яриа биш болов уу.
БАРИМТ 10. Мөн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа замын тендерийг бол ёстой л “бужигнуулах” шиг болдог байсан гэлцдэг. АТГ-аас шалгалт хэд хэдэн удаа оруулсан ч хариугаа олонд нээлттэй зарлаагүй. Түүнтэй холбоотой асуудлууд тэгсгээд л таг чиг болсон түүхтэй.
БАРИМТ 11. Аливаа асуудалд нэг их нэр холбогдоод байдаггүй түүний талаар элдвийн яриа хэсүүчилдэг нь нууц биш. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд тухайн үед ажиллаж байсан хүмүүс мань хүнийг тендер бужигнуулдаг байсан талаар нэлээд жиг жуг хийлцдэг. Мэдээж хэрэг тендерээр хөрөнгөө баяжуулахгүй, хажуугаар нь зүгээр гараад яваагүй биз. Гэхдээ элдэв асуудлаас алсуурхан байж, өнгөлөн далдлалтаа маш сайн хийсэн байх.
БАРИМТ 12. Сонгуулийн өмнө цахим ертөнцөд өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар өдөр шөнөгүй шахам бичин од болохоо шахсан хүн бол “сахал” Ж.Бат-Эрдэнэ. Бараг л хаашаа харж бие засдаг тухайгаа дурдаагүй гэхэд болно.
БАРИМТ 13. Тэрээр 2012 онд Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгснөөс хойш Булган аймагт нам гүмхэн ажиллаж амьдарсан. Нутагтаа хайртай хүний сэтгэлээр бус ердөө л 2016 оны сонгуульд өрсөлдөх жонхуугаа зуурч явсан аж. Төрд залрах замаа зассан тэрээр төвөггүйхэн ялсан ч гэдэг.
БАРИМТ 14. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа замын хамаг тендерийг хятадуудад өгсөн. Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанухяг автозамын компаниудын захирлуудтай уулзахад бараг 60 орчим хувь нь урд зүгийн хэлээр шулганасан, хужаа нар байсан түүхтэй. Ерөнхийдөө Монгол Улсын авто замын сүлжээг урд хөршийн компаниуд хийж байжээ.
Баримт 15. Ер нь, аль ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нар зарлагдсан бүх тендерийн ажлыг зохицуулдаг. Ёстой л нэг баруун солгойгүй л цацдаг, танил талдаа өгдөг нь нууц биш. Тиймээс ч хатуу хучилттай автозамынхаа хамаг тендерийг ийнхүү хятадуудад өгч, дотоодынхоо хэдэн компанийг ажилгүй болгосон хүн. Түүний энэ үйлдлийг яагаад ч зөвтгөх аргагүй.
БАРИМТ 16. Ж.Бат-Эрдэнэ хятадын компаниудад тендер өгөхийн зэрэгцээ өөрийнхөө хувийн компани руу ч гулсуулахаа мартаагүй.
БАРИМТ 17. Замын ажлын ямар ч туршлагагүй “Рес” хэмээх компани нь түүний мэдлийнх гэдэг бөгөөд их хэмжээний мөнгийг тус компани руу гулсуул гэсэн үүргийг ажилтандаа өгч байсан түүхтэй гэнэ. Мэдээж хэрэг ажлын ямар ч туршлагагүй ийм компанид шууд мөнгө шилжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл. Иймд боломжгүй гэх хариуг өгсөн байдаг.
БАРИМТ 18. Даргын өөдөөс тайлбар тавьж, тушаал биелүүлээгүй ажилтанг халах нь ойлгомжтой. Ж.Бат-Эрдэнэ элдэв арга саам хайж байгаад ажлаас нь халаад, дараа нь өөрийнхөө санааг гүйцэлдүүлсэн гэдэг.
БАРИМТ 19. Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяаг “Төмөр зам барих” төсөл хэрэгжүүлж, төслийн зөвлөхөөр авсан “МкКинсэй энд Компани” (McKinsey & Company) нь хуурамч байсан гэж буруутгаж баривчилж байсан. Гэтэл “Төмөр замын зөвлөхөөр “МкКинсэй энд Компани”-г сонго” гэсэн үүргийг тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга “сахал” Ж.Бат-Эрдэнэ өгсөн байдаг. Тэрээр ямар учраас энэ компанийг сонгосон нь анхаарал татаж байгаа юм.
БАРИМТ 20. Гэвч түүнийг уг хэрэгт холболгүй хаясан нь сонирхол татна. Уг нь түүний өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан байгаа юм. Хэрэг мөрдөх шалгах явцад сахал Бат-Эрдэнэ огт орооцолдоогүй нь өнөөг хүртэл таамаг, хардлага дагуулсаар байгаа.
БАРИМТ 21. Баримтыг дурдвал “Зөвлөх үйлчилгээг сонгох тухай” тогтоолд:
- Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “McKinsey & Company” компанийг сонгосугай.
- Зөвлөх үйлчилгээ үзүүлэх “McKinsey & Company” компанитай гэрээ байгуулахыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал /Б.Батзаяа/-д зөвшөөрсүгэй.
- Энэ тогтоолыг хэрэгжүүлэх тухай Засгийн газарт танилцуулахыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал /Б.Батзаяа/-д үүрэг болгосугай гэжээ. Энэ асуудлыг “Хориотой мэдээ” сонинд нийтэлж байж.
БАРИМТ 22. Хэрэг явдал эхлэх цаг үед Б.Батзаяа удаа дараа “Би тухайн үеийн төрийн нарийн бичгийн даргын тогтоолыг л хэрэгжүүлсэн болохоос дур мэдэн сонгон шалгаруулалт хийгээгүй” гэж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Ж.Бат-Эрдэнийг шалгаж, ганц удаа байцаагаагүй нь сонирхолтой. Харин эсрэгээрээ үүрэг гүйцэтгэсэн Б.Батзаяад ял төлөвлөж байсан хачирхалтай. Одоо түүнийг шалгах холбох ямар ч боломжгүй болж халдашгүй дархан эрхтэй болжээ. Тиймээс асуудлыг мартахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.
БАРИМТ 23. Энэ мэтчилэн асуудалд орооцолдож байсан ч цэвэрхэн сугарч байсан нь гайхалтай. Яаж мултарч байв гэдгийг хэн мэдэхэв. Бодвол том артай байсан биз. Одоо бол түүний халдашгүй дархан эрхэд нэвтрэх эрх хэнд ч байхгүй болсон цаг.
БАРИМТ 24. Салбар удирдагч тэрээр ирэх он жилүүдэд хэр их ажил амжуулж, ирэх сонгуульд ямар бэлэгтэй орохыг харж суух л үлдэж байна. Булганчууд түүнийг дэмжих үү эсвэл гэсэн хариулт байгаа юм. Яагаад гэвэл өнөөг хүртэл аймаг орон нутгийнхаа төлөө ганц дорвитой ажил амжуулаагүй яваа хүн.