Боловсролын салбарыг албан тушаал, ашиг сонирхлын талбар болгосон Ж.Батсуурь сайд огцорсон ч балаг нь үргэлжилсээр байна. Тендерийн будилаан, хууль бус томилгоо, албан хаагчдаа үл тоомсорлон зүй бус харьцсан гэх мэт олон зөрчил түүнийг төрийн өндөр албан тушаалаас унагасан.
Өндөр хариуцлага, хууль ёсны хүрээнд ажиллах учиртай боловсролын салбарыг өөрийн ашиг сонирхлын вант улс болгохыг хүссэн хууль бус шийдвэрүүд нэг бус удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч олны дургүйцлийг хүргэж байв.
Түүний бас нэг балаг ил болов. Ж.Батсуурь огцорсон өдрөө буюу 2017 оны 5 дугаар сарын 31-нд сайдын тамга, гарын үсгээ ашиглан хууль бус тушаал гаргасан байх юм. Баталсан тушаалын он сараа урьд өдрөөр нь буюу 5 дугаар сарын 30-наар гаргахыг бичиг хэрэгтээ үүрэгдэн мөн л хуулийг гууль болгосон гэх. Хууль зөрчин байж гаргасан тушаал нь “Докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” байв.
Докторын ажил хамгаалуулах зөвлөл нь Боловсролын тухай хуулиар хуульчлагдсан нарийн дэг журамтай. Гэтэл хуулиас дээгүүр гаргасан тэрхүү тушаалаар өөрийн ах дүү, гарын доорх хүмүүсээ докторын ажил хамгаалуулах зөвлөлд багтаажээ. Түүгээр ч барахгүй зөвхөн улсын их дээд сургуулиудыг түшиглэн докторын ажил хамгаалуулах зөвлөлийг байгуулдаг байтал “Оточ манрамба сургууль”, “Эрдмийн их сургууль” гэх хувийн сургуулиудыг багтаасан нь хачирхалтай.
Олон жилийн хүч хөдөлмөр эрдмийн их ажлыг үнэлж дүгнэх Монгол хэл бичиг, утга зохиол, сэтгүүл зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлд өөрийн төрсөн дүү Ж.Батбаатарыг, Хими, химийн инженерчилэлийн докторын ажил хамгаалуулах зөвлөлд эрдмийн ажлын туршлагаар маруухан Б.Авид, яамны газрын дарга Т.Ган-Эрдэнэ нарыг, Биологийн докторын ажил хамгаалуулах зөвлөлд мөн яамны газрын дарга М.Мөнхбаатарыг, Менежментийн докторын ажил хамгаалуулах зөвлөлд аав охин болох Түвдийн Дорж, Доржийн Алимаа нарыг огцрохтойгоо зэрэгцэн яаран сандран томилохын учир юу вэ. Төрсөн дүү, газрын дарга, аав охиныг гээд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг мэдсээр байж томилсон, хувийн сургуулийг түшиц сургууль болгосон уг тушаалыг эсэргүүцсэн их дээд сургуулиудын өргөдөл гомдол салбар яамандаа хэдийнээ ирээд эхэлсэн тухай эх сурвалж хэллээ.
БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийн балаг бага дунд боловсролын системийг доголдуулсан зөрчлөөс хальж их дээд сургуулийн эрдмийн зөвлөл рүү орох нь энэ салбарыг нэг мөсөн хөмрүүлэх аюулын үндэс биш гэж үү. Мэргэжлийн бус, ёс зүйгүй нэг нөхрийн гайг боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбар тэр чигтээ үүрэх нь дэндүү харамсалтай. Ж.Батсуурь сайдын балаг хэзээ дуусч энэ салбар хөл толгойгоо олохыг таашгүй.