БНСУ-д амьдарч буй монголчууд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн. Тэр дундаа хулгай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан гэх хэрэг үйлдсэн хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр тарах болсон.
Тэгвэл БНСУ-д суралцдаг 26 настай монгол оюутан эмэгтэй Солонгос иргэний захиалгаар бэлэн хувцасны дэлгүүрийг шатааж, их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Сөүл хотын Синданг худалдааны төвийн бэлэн хувцасны лангууны 30 сая воны 400 ширхэг барааг шатаагч бодис цацан шатаажээ.
Түүнд ижил төстэй бараа худалддаг нэгэн дэлгүүрийн эзэн “Тэр дэлгүүрийн барааг шатаавал хүссэн хэмжээний мөнгийг чинь өгье” хэмээн захиалга өгсний дагуу ийн гэмт хэрэг үйлдсэн байна. Түүнийг лангуун дахь барааг шатаагаад ирэхэд захиалагч “Мөнгө өгөх боломжгүй, мөнгөгүй” хэмээсэн аж. Тэрбээр хэрэг үйлдсэнийхээ төлөө 500 мянган вон хүссэн ч огт мөнгө өгөөгүй байна.