“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр үдээс хойш болсон юм. Уг хуралдаанаас 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар дүгнэлт гаргажээ. Ингэхдээ өмнөх Сангийн сайд Б.Болорын гаргасан тушаал хууль зөрчсөн гэж үзсэн байна.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны харьяа “Монгол зэс” компанид шилжүүлэхтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Болор хоёр нууц тушаал гаргасан. Уг тушаалаар дээрх үйлдвэрийн 49 хувь “Монгол зэс” компанид үнэгүй шахам очсон. Мөн Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа ч эрх мэдэлгүй болсон зэрэг ноцтой асуудал байна. Энэ луйврыг Засгийн газар судалж, нягтлах ёстой” гэж мэдэгдэж байсан юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлыг судлахаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ажиллаж байгаа юм.
Онцлоход, УИХ-ын сонгуулийн санал хураалт болохын өмнө Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын эзэмшилд ирсэн тухай мэдэгдэж, хувьчлалыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэдгээ онцолж байсан билээ.
Г.ДАРЬ
эх сурвалж: www.news.mn