Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэвлэл мэдээллийнхэнтэй зангиагүй уулзалт хийж байна. Тэрбээр олон нийтийн хамгийн эмзэг сэдэв болсон агаарын бохирдлыг хэрхэн бууруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах гэж байгаа тухайгаа ярьж байна.
Тэрбээр ойрын хугацаанд хотын захиргааг Яармагийн дэнж рүү шилжүүлэх хийгээд 2018-2019 ондоо багтаж эхний ажлаа хийхээр төлөвлөсөн тухайгаа мэдэгдлээ.Түүнийхээр НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа 33 агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүх аж.
С.Батболд: “Хотын захиргааг нүүлгэснээр 35 мянган төрийн албан хаагчаас гадна 30 мянган иргэн хотоос гарна. Тэр хэмжээгээр хот түгжрэлгүй болно” гэлээ.
Яармагийн дэнжийг сонгосон нь хэд, хэдэн шалтгаантай аж. Нэгдүгээрт, тухайн газарт сул зай, талбай их. Хоёрдугаарт, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн гэж үзсэн болохоор тус газрыг сонгосон байна.
Мөн хотын дарга агаарын бохирдол, утаанаас залхаж байгаагаа онцоллоо. Тэрбээр “Нийслэлд ямар ч сайхан ажил хийсэн иргэд утааг л ярьж байна” гэв.
Утаанаас салахын тулд сайжруулсан зуух, утаагүй түлш зэргийг тараахаас өөр аргагүй ч хамгийн зөв шийдэл нь хотоо орон сууцжуулах явдал гэлээ. Утаа, авто замын түгжрэлээс салахын тулд дагуул хотыг байгуулж, хотоо тэлэх бодлогыг барьж ажиллаж байгаагаа ч дуулгав.
Түүний өмнөх хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн захиргааг Баянхошуу буюу хамгийн их утаатай бүс рүү нүүлгэнэ гэж байсан билээ.