БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Монгол Улсын дотоодын хууль, дүрэм журмыг мөрдөхгүй. Монгол жолоочдын эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхгүй гэсэн 12 бүхий шаардлагыг Монголын талд хүргүүлж, улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтоос Монгол руу орох замыг хаагаад арав хонож байна. Боомтын замыг нээх асуудлаар хоёр талын төлөөлөгчдийн хэлэлцээ энэ сарын 12-нд эхэлсэн ч одоогоор замыг нээх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Улмаар Монгол Улс тавантолгой болон оюутолгойгоос олборлосон байгалийн баялгаа ачиж, урд хөршийн хил гарсан машинаа эргүүлэн татаж авч чадахгүй байдалтай байгаа юм. Харин машины зарим жолооч нар нь явганаар гарч ирэн Цагаан хаданд байрлаж байгаа гэдгийг Гашуунсухайт боомт дээр ажиллаж байгаа гэрээт цагдаагийн албанаас мэдээллээ.
Үүсээд буй асуудлыг зохицуулахаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзжээ.
Энэ тухай Гадаад харилцааны яамны Хэвлэлийн төлөөлөгч Л.Оюунтунгалаг “Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн арванхоёрдугаар сард уулзсан. Энэ үеэр Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын саад тотгорыг арилгаж хэвийн явуулахаар тохирсон. Энэ хүрээнд хятадын талын хэсэг бүлэг хүмүүс хилийн гарцыг хааж буй энэхүү зохисгүй үйлдлийг зогсоож, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээ авч өгөхийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас бид дахин хүссэн. Үүний хариуд урд хөршийн нүүрс тээврийн хувийн аж ахуйн нэгжүүдийн тавьж буй асуудлыг хоёр талын холбогдох байгууллагуудыг оролцуулан хэлэлцээд бүрэн шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн” гэсэн юм.
Мөн БНХАУ-ын тал зарим хувийн компаниуд зориудаар хилийн боомтыг зохион байгуулалтай гацаасан нь асуудлыг шийдэх гарц биш гэж үзсэн байна. Ингээд Ганц мод боомтын цаана хашигдсан монгол жолооч нарын асуудлыг удахгүй өөрийн улсын орон нутгийн холбогдох байгууллагууддаа мэдэгдэж, нааштай шийдвэрлэн ажиллахаа хятадын талаас илэрхийлжээ.
Сануулахад, Монгол Улсын Засгийн газар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэлтийн урт дараалалыг зохицуулах үүднээс 320 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нүүрсний тээвэрлэлт хийж буй аж ахуйн нэгжүүдийн жолооч нарт эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн байх, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй байх зэрэг шаардлагыг тавьж буй. Ингэснээр Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрс тээвэрлэж буй авто машины урт цуваа арилж, Монгол Улсын хууль тогтоомж чанд мөрдөгдөж эхлээд буй.
Улмаар Авто тээврийн үндэсний төвөөс зөвхөн Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах аж ахуйн нэгжүүдэд улс хооронд нүүрсний тээвэр хийх “С” ангиллын бичгийг олгож эхэлсэн. Үүнийг БНХАУ-ын зарим тээврийн компани хүлээн зөвшөөрөхгүй, нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын Ганцмод боомтоос Монгол Улсын хил рүү орох гарцыг том оврын машинуудаар хааж, замыг тагласан. Мөн Тавантолгой, Оюутолгой уурхайгаас бүтээгдэхүүн тээвэрлэгч 1000 орчим машиныг нутгаасаа буцааж гаргахгүйгээр хашсан байдалтай байгаа ажээ.