Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа ажээ.
Улсын хэмжээнд 38 хоногийн нөөцтэй байгааг эх сурвалж мэдээлж байна. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан байхгүй ажээ.
Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй.
Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг.
Тэдний хувьд өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байсан билээ.