Ард түмэн бүсээ чангаллаа. Одоо дарга нар бүсээ чангалаасай хэмээн олон нийт ам уралдан ярьж байна. Хэдэн зуун саяын засгийн унаа унаж, хаа ч очсон дайлуулж, цайлуулж тансаглаж явдаг дарга нарын бүсийг нэг сайн чангалаад өгвөл ард түмэн тэгтлээ эцэж, цуцахгүй байхсан.
Яг үнэндээ төрийн алба ард түмэнд үйлчлэх ёстой нэг төрлийн үйлчилгээний л салбар шүү дээ.
Гэтэл үүнийг зарим нэг нь хааны сэнтийтэй андуурах нь зах зээл гарснаас хойш бүр гаарч өгчээ. Албан тушаалын хэнээтэй, түүнийхээ араас сэнтэглэж, үхэн хатан зүтгэх зарим нэг үеийн залуусаа харахаар өрөвдөх болсноо нуух юун.
Хааны алба халаатай гэдэгчлэн тэгж хөөрч яваад унасан залуучууд их хотоор дүүрэн байна. Одоо юу хийнээ, сурдаг л байх даа гэх хүнтэй ч таарав. Нээрээ ч костьюмний гол болж явахаар улсдаа нэмэртэй гайгүйхэн гутал хийчихдэг болчихвол өөрийнх нь ирээдүйд ч хэрэг болохсон. За энэ ч дүүрч, нэгэнт хүмүүс шинэ албандаа томилогдоод төрийн алба үргэлжилж байхад ийм зүйл бичих илүүц биз.
Харин УИХ-д байхаасаа л хатуу ширүүн үг, шударга зангаараа алдартай Наваансамдангийн Ганбямбыг Монголд мэдэхгүй хүн ховор. Нэгэн цагт УИХ-ын гишүүн болж явсан ч 2012 онд өвдөг шороодсон. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэгчлэн тэрээр нам дотроо ч хатуу чанга байж, намынхаа зарим зүйлсийг шүүмжилдэг. Харин түүнийг 2016 оны сонгуульд лавтай гарч ирнэ гэж итгэж байсан ч ДЭВШИХ чимээ нь сураг алдрав.
Харин сүүлд сонсох нь ээ, сонгуулийн дараа тэрээр өөрийн төрөлх аймгийнхаа Засаг даргаар томилогдсон байх юм.
Тэрээр 2012-2016 онд аймгийнхаа намын даргын албыг хашиж суужээ. Ингэж бодохоор түүнд аймгийн засаг болох санаа эртнээс байсан мэт.
Ямартай ч Эзэн Чингисийн өлгий нутагт эзэн суулаа.
Өмнөх Засаг дарга Ж.Оюунбаатарт нутгийн иргэд ам сайтай байдаг ч Цагаан шонхорын Ч.Энхтайваны хүн гээд жаахан сэтгэл дундуур байсныг ч хэлэх үү НАМОХ-ын ерөнхийлөгч Д.Гантулгад ойччихов.
Харин Н.Ганбямбыг дарга болсны дараа Хэнтий аймгийн Тамгын газрынхан бүсээ чангалаад эхэлжээ.
Учир нь УИХ-ын сунгаанд нам, нам солин удаа дараа унаж буй Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргалын Чингис хотын ойролцоо байрлах амралтанд Кувейтын хаан, ханхүүтэйгээ зуны цагт очиж амардаг болоод нэлээд удаж буй.
Үүний ачаар Хэнтий аймаг шинэ нисэх онгоцны буудал бариулахаар болсон гэнэ лээ.
Харин олон нийтэд Кувейтийн хаан биш Засаг дарга Н.Ганбямба л тун сонин байсан бололтой.
Учир нь “Хэнтийн Засаг даргын хэмнэлт” хэмээн цахим ертөнцөөр нэгэн зураг дэлгэгдэв.
Үндэсний хийцтэй хэдэн модон сандал дээр зассан түүний даруухан идээ зэргийг зарим нь сайшааж байхад, зарим нь “арай ч дээ”гэцгээж байх юм.
Ер нь манайхан тун сүржин ард түмэн.
Хэн ч хадаг яндар барь гэж тулгаагүй байхад гадны зочдод өөрсдөө хөл алдаж гүйчихээд дараа нь зочдоо элдвээр хэлэх нь энүүхэнд. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын “жийнс”-тэйайлчлалаас болж бараг л дэлхийг хөмөргөхөө дөхсөн.
Тэгэхээр Н.Ганбямбын хээгүй зангаас манай улс төрчид суралцахад гэмгүй л юм.
Харин тун саяхан тэрээр Төсвийн байгууллагын дарга нарын унадаг 35 жийп машиныг журамлаж, аймгийн төв, Улаанбаатар хот руу ажлаар явахад жижиг суудлын машин хэрэглэж, хөдөө ажлаар явахад ашиглагдах хэдхэн жийп vлдээхээр захирамж гаргасан байна.
Түүний энэхүү төсвийн таналтаас бусад аймгийн Засаг дарга нар ч үлгэр авах хэрэгтэй.
Мөн энэ сарын эхээр Ерөнхий сайдын зохион байгуулсан Аймгийн Засаг дарга нарын уулзалтаар УИХ-ын гишүүдийг үнэтэй машины шатахуун, гар утасныхаа зардлыг төсвөөс гаргуулахаа болих хэрэгтэй хэмээн сануулсан.
Хэрэв Н.Ганбямбын энэхүү шаардлагыг УИХ хүлээгээд авчихвал нэлээд хэдэн төгрөг хэмнэх боломжтой болно. Ямартай ч Хэнтийн Засаг дарга ажлаа өөрсдөөсөө хэмнэж эхлүүллээ. Бусад нь яаж байгаа юм бол доо.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn