ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж “Daily mail” мэдээллээ. Хоёрдугаар сарын 24-нд анх мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын дипломат төлөөлөгчид хэд хэдэн удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй тул биечлэн уулзахаар болсон гэв. Путин ирээдүйд хэзээ нэгэн цагт хэлэлцээ хийх нь ойлгомжтой гэдэгтэй эвлэрсэн гэжээ.
Мариуполь хотын энгийн иргэд орогнож байсан урлагийн сургууль, театрын барилга Оросын бөмбөгдөлтөд өртсөний дараа Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Зеленский буруутгасан. Тэрбээр аль нэгдүгээр сараас хойш Оросын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж байсан.
Украин болон барууны орнууд Путиныг ямар ч шалтгаангүйгээр түрэмгийллийн дайн эхлүүлсэн гэж үздэг. НҮБ-ын Хүний эрхийн албанаас мэдээлснээр, өнгөрөгч Баасан гаригийн байдлаар Украинд 847 иргэн амиа алдаж, 1399 хүн шархадсан байна. Нас барагсдын 112 нь хүүхэд байсан гэж Украины Ерөнхий прокурорын газраас мэдээлэв.
Эх сурвалж: news.mn