Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл өнөөдөр /2022.02.18/ эхэлж байна. Гурван настай хүүхдүүдийг ирэх Пүрэв гариг хүртэл бүртгэх юм. Гэхдээ бүртгэлд хэд хэдэн заалтыг тусгасан бөгөөд 2019 оны нэгдүгээр сараас 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг л бүртгэнэ гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй аж. Хугацааны хувьд бүртгэл автоматаар хаагдах учир хоцорсон тохиолдолд дахин бүртгүүлэх боломжгүй. Цэцэрлэгийн бага бүлэгт сайдын А38 дугаар тушаалын дагуу гурван настнууд хамрагдана. Оны өмнө буюу өнгөрсөн намар бүртгүүлсэн 2018 оны хүүхдүүдийн бүртгэл хийгдэхгүй байгаад эцэг эхчүүд бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг нэмэлтээр хэрхэн бүртгэх боломжтойг тодрууллаа.
ХҮҮХДИЙН НАСЫГ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭР ТООЦОЖ БҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙГАА
Боловсрол шинжлэх ухааны яамнаас өгсөн мэдээллээр өнөөдрөөс долоо хоногийн хугацаанд нийслэлийн зөвхөн 2019 оны гурван настныг нэмэлтээр бүртгэнэ. Бүртгэлийг Parent.edu.mn цахим систем болон ESIS мобайл аппликейшнээр зохион байгуулна. Хэрэв цахим бүртгэл алдаа заах болон бусад шалтгаан гарвал харьяа цэцэрлэг дээрээ очиж бүртгэл хийлгэх ёстой.
Тиймээс хэрэгжиж байгаа дүрэм, журмын дагуу 2019 оны хүүхдийг бүртгэж байгаа. Мөн цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзаж бага бүлгийнхнийг хамруулна. Харин дунд ахлах бүлгийн хүүхдүүдийг нэмэлтээр бүртгэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын салбарын мэдээллийн санд бүртгэгдсэн хүүхдийг хамруулах заалттай. Бүртгэл хаагдсаны дараа элсэлтийг цахимаар зохион байгуулна. Тухайлбал, хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх юм. Элсэлтийн мэдээлэл энэ тохиолдолд мөн л утсанд очно гэсэн үг. Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхэлсэн.
Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг. Тэгэхлээр бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдана гэлээ.
НИЙСЛЭЛИЙНХЭН ЦАХИМААР, ОРОН НУТГИЙНХАН БИЕЧЛЭН ОЧИЖ БҮРТГҮҮЛНЭ
Нийслэлийн боловсролын газраас асуухад одоогоор 2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулж байгаа. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийж байна. Харин нийслэлд шинээр ашиглалтад орсон долоон цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийхээр төлөвлөсөн. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулж, орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулж байна. Сайдын тушаалын дагуу бүлгийн нэмэлт элсэлт хийгдэж байгаа. Элсэлтэд хамрагдсан хүүхдүүд 28-наас хичээлдээ хамрагдаж эхэлнэ. news.mn