Хятад Монголын цагаан сарын соёлын солилцооны хүрээнд “Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ талаар хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим хэвлэлийн бага хурал боллоо.
Энэ арга хэмжээ энэ сарын 25-наас хоёрдугаар сар дуустал үргэлжлэх аж. “Бар жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” хүрээнд цагаан сарын сэдэвт концертыг монголчуудад толилуулах гэнэ. Мөн өвлийн олимпийг угтах цуврал соёлын арга хэмжээний талаар болон цагаан сарын сэдэвт богино видео контент зэргээр зургаан төрлийн 33 бүтээлийг үзэгчдэд толилуулахаар болсон байна.
Тухайлбал, Цагаан сарын сэдэвт арга хэмжээний хүрээнд Бээжингийн үндэстний хөгжмийн чуулгын найрал хөгжим “Цагаан сарыг тэмдэглэе”, “Эртний хэв намбаатай хөгжмийн чуулган”, “Найрамдлын хадаг” зэрэг бүтээлүүдийг сонирхуулахаар бэлтгэжээ. Харин өвлийн олимпийн тухайд “Умардын мөс цасны аялал жуулчлалыг гадаадад түгээн дэлгэрүүлэх улирал” цуврал видеог хүргэх юм байна. Тэрчлэн “Мөрөөдөлтэй хүү”, “Зам туршийн гайхамшиг”, “Хөгшин нөхөр”, “Лүдингийн адал явдал”, “Тэр жил бид гал залуу байсан”, “Хоёул гэрлэе” зэргийг киног үзэж болох юм байна.