Их эзэн Чингисийн өлгий нутгаар энэ жил хоёр дахь удаагаа аялав. Амьдардаг газраас маань Чингис хот 230 километр.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд, аймгуудын салбар зөвлөлийн тэргүүнүүдийн бүрэлдэхүүнтэй аяллын багийг эхний өдөр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хүлээн авч уулзав. Түүхийн ухааны докторын өнцгөөс түүхийн өлгий нутгийнхаа онцлог газрууд, засаглалынхаа хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт бүрийг гаргууд тайлбарлав.
Хэнтий аймгийн хэмжээнд 2016-2020 онд улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн эх үүсвэрээс нийтдээ 506 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ дүн өмнөх жилүүдтэй харьцуулахад 5 дахин нэмэгдэж, иргэд олон нийтэд тулгарч байсан цөөнгүй асуудлыг шийдвэрлэж чаджээ. Хөрөнгө оруулалтынхэмжээ том харагдана. Үүнийгээ Монгол Улсын Ерөнхий сайдтай аймаг шүү дээ хэмээн тодотгоно лээ. Түүнийгээ дагаад сумдын хөрөнгө оруулалтууд нь ч тэрбумаар хэмжигдэнэ. Хэнтий аймаг 18 сум, 5 тосгонтой.
“Сумын шинэ төв” дэд хөтөлбөрийн хүрээнд Биндэр сумын дэд бүтцийн ажлууд хийгдэж дууссан. Улсын болон орон нутгийн төсвийн 5,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Адарга, Баян-Овоо, Өмнөдэлгэр, Баянмөнх, Дархан, Дадал сумдын дулааны нэгдсэн шугам сүлжээний ажил дуусаж бүрэн ашиглалтад орлоо. Хувийн хэвшлийн 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Мөрөн, Баянхутаг, Батноров, Норовлин, Галшар сумдад дулааны төвлөрсөн шугам сүлжээг байгуулсан. Эдгээр шугам сүлжээний ажлууд ашиглалтад орсноор нийт 18 сумаас 16 нь нэгдсэн дулааны шугам сүлжээнд холбогдож сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий болжээ.
5308 хүүхдийн суудалтай 9 сургууль, 900 хүүхдийн 14 цэцэрлэг, 660 ортой 6 дотуур байрын барилга, 6 спорт заал барьж, 17 сургуулийн их засвар, 17 цэцэрлэг, 1 яслийн их засвар, 2 дотуур байрын их засварын ажлыг хийж гүйцэтгэн сургуулийннасны хүүхдийн сургуульд хамрагдалт 100 хувь, цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалт 99 хувь болж өссөн байна.
Чингис хотын бохир ус цэвэрлэх байгууламж, Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж, дулааны станцын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Эдгээр томоохон төслүүд хэрэгжсэнээр Чингис хотын иргэд тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэж, хотын үндсэн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн зорчигч тээвэр, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх цаашлаад орон нутгийг зорих аялагчдын тоог нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн аймгийн удирдлага итгэл дүүрэн ярьсан юм.
Хаяанд шахуу аймагт хийгдэж байгаа ажил, бүтээн байгуулалтыг илүү ойроос танилцуулах боломжийг мэргэжил нэгт сэтгүүлч Ө.Одмаа маань олгосон юм.
Аяллын багийн гишүүдийг Чингис хотод хараахан ирж амжаагүй байхад бид Чингис хотын бүх хорооллоор хөндлөн явж, хаана юу хийгдэж буй, хэрхэн ашиглах талаар тэнд ажиллаж амьдардаг тухай сэтгүүлчийн тайлбарыг сонсох урамтай байлаа.
Нутаг нутгийн онцлог өөр. Хэдийгээр хаяа залгаа оршдог ч сонирхолтой, санаа авахуйц ажлууд олон харагдсан.
Кувейт улсын ханхүү энд жил бүр ирж амардаг уламжлал тогтоод уджээ. Чингис хотоос хэдхэн милийн зайд орших “Жаргалын бааз” нэртэй амралтын газарт ирж, Монголын агаар, салхиар эрч хүчээ сэлбээд буцдаг гэнэ. Ингэж ирэхдээ Улаанбаатар хотоор дамждаг учир алжааж ядрахаас сэргийлж, Чингис хотод өөрийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нисэх буудал барихаар төлөвлөжээ. Ингэснээр Кувейт улсаас шууд Чингис хотод буух боломж бүрдэх аж. Үүнээс гадна их хааны төрсөн газар “Дэлүүн болдог”-т өөр нэг нисэх буудал баригдах ажээ.
Аймгийн төвийнхний хамгийн их очиж, салхинд гарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар нь “Гэрэлт гудамж”. Хотын төвдөө байршилтай, алдарт найрагч Р.Чойномын хүрэл хөшөө, ашиглагдахгүй болсон хөргөгчийг чимэглэн хийсэн явуулын номын сан, сүүдрэвчүүд, модон сандал зэрэг түүгээр явсан бүхэнд дурсамж үлдээх энгийн хэрнээ тохилог шийдэлтэй гудамжийг аварга саальчин Цэвэлмаа хувингаа барин саравчилж, аварга том хандгайн баримал сүр бараатайгаар үргэлжлүүлнэ.
Нутгийн удирдлагын ордон нь хар шилэн фасадтай, Иргэний танхимдаа байрлуулсан 5*8 хэмжээтэй том дэлгэцээр аймгийнхаа видео танилцуулгыг сонирхуулав. Өөр аль ч аймагт ийм хэмжээтэй дэлгэц үгүй гэнэ.
Орон сууцны хорооллуудын нэршил хаягийг томоор бичиж, төлөвлөсөн газруудад тохижуулан барьж байна. Чингис хотын 16 давхар ч нүдэнд содон. Удахгүй Сүхбаатар аймагт ашиглалтад орох 16 давхраас байршил, авто зогсоолын багтаамжаараа өөр. Аймгийн төвд нийтийн тээврийн жижиг автобус тогтмол явах юм. Цахилгаанаар ажилладаг жижигхэн нийтийн тээврээр Хэнтийчүүд үйлчлүүлэх дуртай юм. Нэг удаа цэнэглээд 5 цагийн турш зорчигчдод үйлчилдэг гэнэ. Энэхүү мини автобусанд сууж үзэх гэсэн ч цаг гараагүй. Аймгийн төвөө танилцуулж, алтан цагаасаа зарцуулсан “Өндөрхаан” телевизийн захирал Ө.Одмаадаа гүнээ талархъя. Тэр өдөр завгүй их ажилтай байсан ч бүхнийг зэрэг амжуулж сурсан ураараа Чингис хоттой танилцлаа. Тэдний телевизэд 5 шижигнэсэн залуу орон нутгийнхаа мэдээ мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх үүргийг хүлээн ажиллаж байна.
Хүсэл зорилго, итгэл найдвар, жаргал зовлон нэгтмэргэжил нэгтнүүддээ амжилт хүсье.
Хэнтий нутагтаа урьж, үзэсгэлэнт газруудаар аялуулах урилга илгээн хүлээн авах бүхий л ажлыг хариуцлагатай гүйцэтгэсэн хүн бол тус аймгийн ЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбарын тэргүүн С.Ган-Эрдэнэ. Мэдээж түүн дээр аймгийн хэвлэл мэдээллийн залуус хүч нэмэн хамтран ажиллав. Газарчин, зурагчин, тайлбарлагч, зураглаач, сэтгүүлч, сөнч… гээд манай салбарынхан хөрвөх чадвартаа сайн хойно зочдынхоо ая тухыг алдуулна гэж үгүй. Энэ үеэр С.Ган-Эрдэнэ МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулав.
Чингис хотоос 150 орчим километрт Баян-Адарга сум оршино. Тус суманд байх Монгол хатдын өргөө цогцолборын дэргэдэх баазад хоноод, өглөө нь тус цогцолбортой танилцлаа.
“…Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дэнж хэмээх газар Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан хүндэтгэлийн өргөө цогцолборыг барьж байгуулжээ. Энэ нутагт Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпил нар төрж өссөн. Тиймээс багц таван сумны бөх батыг балчир хөвгүүддээ ухааруулсан Алангуа хатан, эзэн богд Чингис хааны эх Өүлэн хатан, агуу төрийн долоон эрдэнийн нэг Бөртэ хатан, хан хөвгүүн Тулуйн журамт хатан Сорхугтан бэхи, Өгөөдэй хааны дараа Монголын төрийн таван жил залсан Дөргөнэ хатан нарын есөн хатанд зориулан уг хөшөө цогцолборыг босгосон байна. Тэдний дотор Мандухай, Өндөр гэгээний ээж Ханджамц, Галдан Бошгот хааны Ану хатан мөн Богд хааны соёрхолт хатан Дондогдулам нар багтана.
Монгол хатдын бортгон малгай хэлбэртэй гол өргөөг тойруулан дөрвөн их суварга, есөн цагаан гэрийг босгожээ. Гол өргөөний хойморт хатдын сэнтийг залсан байх бөгөөд эргэн тойронд дээрх хатдын хөргийг байрлуулсан байна. Мөн өргөөний голд есөн хөлт их цагаан туг байх ажээ. Хатдын сэнтийн баруун, зүүн талд Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурхныг 108 алдарт ээж залан авчирч шилэн хоргоны дотор байрлуулжээ. Их Монгол Улсын хатдын хүндэтгэлийн өргөө болохоор гадна дотнын хэн боловч гутлаа тайлж орох ёстой.
2011 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Арвин санаачлан барьж байгуулсан энэхүү хатдын өргөө цогцолборыг тус цогцолборын дарга Ц.Майдэлгэр хэмээх бүсгүй тайлбарлан таниуллаа. Түүний ярих, хэлэх нь тэрхүү цогцолборт зориулагдсан гэмээр намуухан хэр нь эрхэмсэг байсныг бид дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм.
Түүний дараа Баян-Адарга сумын Засаг дарга О.Лхагвадоржтой бид уулзлаа. Сум нь 2.4 мянган хүн амтай. Дуурлиг нарсанд орших “хүннүгийн булш”-ийг улсын хамгаалалтад авсан. Сумын тахилгат уул нь Адаргын овоо, Баян-Өлзийт, Авшиг овоо, Арангат овоо гэсэн гол тахилгат овоонууд байдаг. Сумын нутаг дэвсгэр нь Хэнтийн нурууны зүүн зах, Эрээний нурууны баруун урд захын намхан уул толгодод байрлана. Сумын нутгийн зүүн хэсэгт орших 1437 метр өндөр Хөх чулуут уул нь сумын хамгийн өндөр уул аж. Сумын нутгаар алдарт Онон гол 80 орчим км урсана.
Өнгөрсөн 4 жилд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оржээ. Хэнтий аймгийн сумын төвүүдийн адил айлууд модоор “зодож” барьсан байшин барилга, хашаатай. Аялал жуулчлалын бүсэд оршдог учраас жил ирэх бүрд ийшээ зорих жуулчдын тоо өсөж буй. Энэ оны 6 дугаар сард гэхэд л өдөрт 600 орчим аялагчид Баян-Адарга, Дадал суманд очжээ.
Сумын хойхон талд Хүслийн мод бий. Хөвсгөл далай дахь Хүслийн хад шиг. Чин сэтгэлээсээ хүссэн бүхний хүслийг биелүүлдэг хэмээн хүмүүс сүслэн мөргөнө. Эргэн тойронд битүү нарсан ойноос тусдаа сондгойрон ургасан бүдүүн голтой модноос дөрвөн зүг, найман зовхист салаалан ургасан мөчиртэй Хүслийн модыг тойруулан хашаалсан байв. Аялагчдын алгасаж үл чадах байгалийн өвөрмөц тогтоц энэ ажээ.
Хэнтий нутгийн үзэсгэлэнт байгальтай газруудын нэг Дадал сум. Баян-Адарга сумаас 80 километр. Их эзэн хааны төрсөн нутаг Дэлүүн болдог энд буй. Багагүй мацаж байж хааны төрсөн буурин дээр очно. Тэндээс Балжийн гол, Дадал сум, модоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгаль алган дээрмэт тодхон. Энэ зун Хэнтий нутагт бороо хур элбэгтэй тул “тулсан зуншлага нь байгальтайгаа хослон униартах нь улам үзэсгэлэнтэй. Өнгөрсөн жил энэ нутгаас төрсөн Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлүүн болдог”-ын тахилгыг үйлдсэнээс хойш зуншлага сэргэж сайхан байгаа хэмээн Хэнтийчүүд ярьж байлаа.
Дадал сумыг зорьсон олон дунд манай нутгийнхан цөөнгүй тааралдсан. Дадал суманд “Орд” нэртэй гэр буудал ажиллуулдаг нэгэн өрхийн үйлдвэрлэгчид бидний анхаарлыг ихэд татав. Гэрийн эзнийг Цэнд гэнэ. Улаанбаатар хотын “Модны-2” хэмээх үйлдвэрийг хувьчилж аваад, одоо хүртэл модон эдлэл гэр хийж, дотооддоо болон олон улсад гаргадаг. Өнөөдрийн байдлаар 35000 гэр хийсэн тухайгаа ярилаа. Хашаа гэр нь цэв цэмцгэр. Ажилсаг айл гэдэг нь цаанаасаа илт. Хашаандаа гүний худаг гаргаж байлаа. Цэлгэр том хашаанд өөрийн үйлдвэрлэсэн гэрүүдийг барьж, аялагчдад үйлчилдэг. Гэрийн мод хийц, модон ор, ширээ сандал, эргэнэг бүгд нүдэнд тусахаар содон, чанартай хийгдсэн. Тооно нь усны хаялгатай. Цагаан хэрэглэлүүд нь боловсон буудлынхаас дутахгүй. Сумандаа ч сайхан амьдрах боломжтойг бодитоор харуулжбайгаа томоохон төлөөлөл аж. Гэрийн дан мод нь боломжийн үнэтэй. Манайхны нэлээд нь нэг нэг гэр захиалав.
Очсон газрынхаа уул, усанд хүндэтгэлтэй хандаж бай.. гэдэгчлэн бид энэ нутгийнхны ёс заншил, дэг жаягийг баримталж явлаа.
Аялал ямар байх нь багийн бүрэлдэхүүнээс хамгийн их шалтгаалдаг хууль номоороо үйлчилсэн. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа, ажлын албаны дарга Э.Болортулга, энэ аяллыг санаачлан ивээн тэтгэсэн МСНЭ-ийн Орон нутаг хариуцсан ерөнхийлөгч А.Батбаяр, Эрдэнэт хотын салбарын тэргүүн Б.Мөнгөнтуяа, Налайхын салбарын тэргүүн Д.Батчимэг, манай салбарын хамгийн идэвхтэй, тууштай, үлгэр жишээ ахмад сэтгүүлч, шинэхэн Монгол улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Дундговь аймгийн салбарын тэргүүн С.Пүрэвсүрэн, Говьсүмбэр аймгийн Т.Болдбаатар ах гээд тулхтай, түшигтэй, түүчээ болсон хамаг ачааг үүрэгчидтэй явсан бид эрхлэхээс өөр ид үгүй. Мөнгөө эгчийн хоржоонтой яриа, онигоонд хөгжсөөр байгаад бараг ядарчихлаа хэмээн гомдоллох нь холгүй. Батчимэг эгчид байхгүй юм үгүй. Бараг л домбоноос гарсан бирд гэсэн үг. Өчүүхэн жижиг хэрэглээний зүйл дутахад л гаргаад ирнэ. Бие “өвдвөл” эмчилнэ. Аялал бүртээ уримаар хүн байдаг даа…
Дархан хотын салбарын тэргүүн Л.Отгонбаатар ямар зүгээр байх биш. Энэ аяллын үеэрх фокусаа үүнийг бичигч дээр тааруулснаар би лав огтхон уйдсангүй. Дээрхээс гадна Завхан, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн салбарын удирдлагууд энэ удаагийн багт багтсан.
Эргэн тойрон нов ногоон модод, өндөр уул нуруудтай зам дагуух юм бүхэн уран зураг шиг. Зам дагуух айл, адуу үхэр, хөтөлгөө морьтой адуучныг хүртэл хэн нэгэн уран бүтээлч бийрийн үзүүрээр зурсан мэт өнгө тансаг байгаль биднийг угтан үдсээр байлаа.
Аяллын сүүлийн өдөр Чингис хотын урдуур урсах Хэрлэн голын хөвөөнд ирэв. Сүүлийн өдрүүдэд бороотой байсан болоодтэр үү Хан Хэрлэнгийн урсгал улам сүртэй ч үзэсгэлэн төгөлдөр.
Хан Хэнтий нутагтаа урьж, дурсамж дүүрэн аяллаар бэлэг барьсан Хэнтий аймгийн мэргэжил нэгт нөхөр С.Ган-Эрдэнэ, МСНЭ-ийн удирдлагууд, хамтдаа аялсан сэтгэл нэгт нөхөдтэйгөө дахин уулзахын ерөөл талбия.
Амьдралын сайхан нь уулзалтдаа байдаг шиг аяллын сайхан нь дурсамждаа үлдэг ээ.
Д.УЛААНАА
“Сүхбаатарын өнгө” сонин