ХАН ХЭНТИЙ НУТГИЙН АРД ИРГЭД ЭЭ !!!
ЭРХЭМ ХҮНДЭТ НААДАМЧИД АА !!!
Тулгар төрийн 2229, Их Монгол улсын 814, аймаг байгуулагдсаны 97, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Нүүдэлчин Монголчууд нэн эртнээс морьдынхоо тамир тэнхээ, хурдыг, биеийнхээ бяр чадлыг, харааныхаа онийг сорьж, ид хаваа гайхуулан нааддаг байсан нь агуулгаа хадгалж, хэлбэрээ цагийн аяст тохируулан хөгжүүлж ирсэн уламжлал өнөөдрийг хүртэл хадгалж яваагийн тод илэрхийлэл нь МОНГОЛ НААДАМ билээ. 9 мянга гаруй жилийн өмнө Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах наадмын дурсгал олдсон гэхээр Монгол наадам 9 мянга гаруй жилийн түүхэн уламжлалтай болохыг тод харуулсан баримт юм.
Дэлхий нийтийг айдаст автуулсан цар тахлын үед Монгол улсын бүх сум суурин, аймгуудад нэгэн зэрэг баяр наадмаа зохион байгуулж байгаа хэдий ч аюулт тахлын үед ариутгал халдваргүйтгэлийг чанд сахиж, хамтдаа давж гарах гэсэн уриалга, агуулгатайгаар энэ наадмыг зохион байгуулж буй юм. Тиймээс энэ жилийн баяр наадмыг цомхон байдлаар үзэгчид, наадамчдад телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчноор түгээж хүргэж байгааг нь онцлох зүйтэй.
Хэнтий аймгийн хувьд өнгөрсөн дөрвөн жил өрнүүн их ажилтай, өөдлөн дэвшсэн он жилүүд болж өнгөрлөө. Дөрөвхөн жилийн хугацаанд 500 гаруй тэрбум төгрөг аймагтаа татаж, бүтээн байгуулалт өрнүүлсэн нь 2000-2015 он хүртэлх 15 жилийн хооронд орсон хөрөнгө оруулалтын нийт дүнгээс 4.06 дахин илүү хөрөнгө оруулалтыг татаж, их бүтээн байгуулалтыг баг, сум, аймгийн хэмжээнд жигд өрнүүлж чадлаа. Бид 2016 онд 3,9 сая тоо толгой мал тоолуулж байсан бол энэ 2020 онд малын тоо толгой 4,9 саяд хүрч, нэг саяар нэмэгдсэн дүн гарлаа. Түүнчлэн аймгийнхаа төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооныхоо хэрэгцээг 50 хувь хангадаг боллоо.
Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулж хоёр нисэх онгоцны буудал, аялал жуулчлалын томоохон таван цогцолбор, түүнийг дагасан дэд бүтэц, дулааны станц, цэвэрлэх байгууламж, зам, гүүр баригдаж байна. Аймгийн хэмжээнд 16 цэцэрлэг, 9 сургууль, 13 багийн төв, таван суманд Засаг даргын тамгын газрын барилга, 16 суманд дулаан, цэвэр ус, инженерийн шугам сүлжээ, 6 дотуур байр, 6 соёлын төв гэх мэт бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байгаагаас гадна шилэн кабелийг бүх сумандаа суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээг 13 суманд өргөтгөөд байна.
Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Бүтээн байгуулалт зэрэг салбараас гадна нийгэм соёл, боловсрол, спорт гээд бүхий л салбарт томоохон ахиц амжилтууд гарч эхэлснийг дурдахгүй өнгөрөөж болохгүй юм.
Тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлэх аймаг болж, газар нутгийнхаа 40.04 хувийг тусгай хамгаалалтад аваад байсан бол энэ жил бид Гутайн даваа, Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч чадлаа.
Хэнтий аймаг уул хөндий, ус мөрнөө ухаж газрын хэвлийн баялагаараа хөгжих биш Их Эзэн Чингис хааныхаа бүтээн босгосон түүх, бидэнд үлдээсэн өв соёл, газар шороог хамгаалж, хүн төрөлхтөнд сурталчилж, тогтвортой – түүхэн аялал жуулчлалын бодлогоороо хөгжих нь тодорхой болсон. Манай аймаг ногоон хөгжлийн бодлогоороо жишиг аймаг болон ажиллаж байгааг та бүхэндээ дурдах нь зүйн хэрэг юм.
Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн, ажиллаж хөдөлмөрлөж яваа нутгийн нийт зон олон, хүүхэд багачууд, ахмадууддаа энэ ташрамд талархал илэрхийлье.
Өнгөрч буй дөрвөн жилд Хан Хэнтий нутагт орсон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд бол МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нартайгаа Хэнтийчүүд бид нягт хамтарч хичээл зүтгэлтэй ажилласны үр дүн билээ. Мөн энэ 2020 оны УИХ-ын сонгуулиар Хан Хэнтийчүүд хүчээ нэгтгэж, Монгол ардын намаас нэр дэвшсэн төлөөллөө багаар нь гаргаж Хэнтий аймаг Засгийн газрын тэргүүн, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргатай аймаг болсонд талархаж байна.
Баяр наадмаараа үгийн сайныг хэлэлцэж, өв соёл ололт амжилтаараа бахархаж буй наадамчид та бүхэндээ эртэй бяртай, цэц мэргэн, уяа хөнгөн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМДАА ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДААРАЙ.
ХҮНДЭТГЭСЭН: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ГАНБЯМБА