Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон нуурыг энэ жил сумын ИТХ-ын шийдвэрээр хааж (өнжөөж) байгаа билээ.
Аварга тосон нуур эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог байгалийн эрдэс бүхий нуур боловч сүүлийн 20-иод жилд дотоодын аялал жуулчлалын хөлд дарагдаж 6-8 дугаар сар хүртэлх 60 хоногийн хугацаанд 30.000 хүн 7000 орчим автомашин ирдэг нь Тосон нуур, Аваргын гол, Хэрлэнгийн хөдөө арал орчмын байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Эдгээрээс тосон нуурт 21.000 орчим хүн нь эмчилгээний бус зорилгоор ирж амардаг гэсэн судалгаа бий.
Монгол улсын Засгийн газар, БОАЖЯ нуур хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, энэ жилийн улсын төсөв болон “Багануур” ХК-ийн санхүүжилтээр нуур хамгаалах ажлуудыг эхлүүлээд байна.