Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрсэн байж болзошгүй гэх айдас дэлхийн санхүүгийн зах зээлд хүчтэй сөрөг нөлөө дагуулах болсон. Ихэнх хөрөнгө оруулагчид болон тэрбумтнуудын хувьд энэ долоо хоног тийм ч таатай өнгөрсөнгүй.
Дэлхийн үнэт цаасны зах зээлд өнгөрөгч долоо хоногт үүссэн хүчтэй савлагааны улмаас дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ 444 тэрбум ам.доллараар буурсан талаар “Bloomberg” мэдээлжээ. Үүнээс өмнө 2020 он гарснаас хойш дэлхийн хамгийн баян 500 эрхмийн нийт хөрөнгө 78 тэрбум ам.доллараар нэмэгдээд байсан нь ийнхүү ганцхан долоо хоногийн дотор үгүй болсон юм.
Дэлхийн хамгийн баян гурван эрхэм болох Жефф Безос, Билл Гейтс, Бернар Арнаулт нар хамгийн их хохирол амссан хүмүүсээр нэрлэгдэж байна. Тэдний нийт хөрөнгийн алдагдал 30 тэрбум ам.доллар болсон юм.
Дэлхийн хамгийн баян эрхэм, онлайн худалдааны аварга загас “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жефф Безосын нийт хөрөнгө энэ долоо хоногийн санхүүгийн зах зээлийн уналтаар 11.9 тэрбум ам.доллараар хумигджээ. Харин “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн нийт хөрөнгө 10 тэрбум ам.доллар, тансаг зэрэглэлийн “Louis Vuitton”, “Christian Dior”, “Moët Hennessy” брэндийг эзэмшигч Бернар Арнаулт 9.1 тэрбумын алдагдал хүлээсэн байна.
Тэдний араас “Tesla”-ын үүсгэн байгуулагч Элон Маск 9 тэрбум ам.доллар алдсан юм. Үүнээс өмнө түүний нийт хөрөнгө 2020 он гарснаас хойш 8.8 тэрбумаар нэмэгдсэн нь дэлхийн баячуудыг тэргүүлсэн үзүүлэлт байв.
Томоохон алдагдал хүлээсэн бусад тэрбумтнуудыг дурдвал, “Berkshire Hathaway”-ын үүсгэн байгуулагч Уоррен Баффет 8.8 тэрбум ам.доллар, “Zara” брэндийг үүсгэн байгуулагч Amancio Ortega 6.8 тэрбум ам.доллар, “Facebook”-ын үүсгэн байгуулагч Марк Зукербэрг 6.6 тэрбум ам.доллар, Мексикийн тэрбумтан Карлос Слим 6.3 тэрбум ам.доллар, “Google”-ын үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж, Сергей Брин нар тус бүр 6.4 болон 6.2 тэрбум ам.долларын хөрөнгөө “Covid-19”-ын дэгдэлтийн улмаас алдсан байна.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн голлох индексүүдийн нэг болох “Dow Jones”-ын нэгж хувьцааны ханш сүүлийн тав хоногт 12 хувиар буурсан юм. Энэ 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын доод цэгээс хойш таван өдрийн дотор хүлээсэн хамгийн том алдагдал болжээ. Тухайн үед хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй дэлхийн нийт хувьцаа 6 их наяд ам.долларын гарз амсаж байв.
“Bloomberg”-ын тооцоолсноор 2020 он гарснаас хойш дэлхийн нийт тэрбумтнуудын 80 хувь нь хөрөнгийн алдагдалд орсон байна.
Эх сурвалж: Bloomberg