- “Эрдэнэс Тавантолгой”-н нийт хувьцааны 85 хувийг төр эзэмшдэг
- 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгаа юунд хэрхэн зарцуулах нь тодорхой бус байна. “Эрдэнэс тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө мөнгө дутагдалтай байгаа
“Эрдэнэс Тавантолгой” компани 2019 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах болсноо зарласан нь энэ долоо хоногийн чухал үйл явдлын нэг байлаа. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгохоо мэдэгдэж, 1072 хувьцаатай иргэнд 96,480 төгрөг ногдож байгаа юм. Нийт 150 гаруй тэрбум төгрөг иргэн, аж ахуйн нэгжид ногдол ашиг болж хүрнэ. Үүний хэд нь хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт болж, хэчнээн нь импортыг тэтгэх эсэхийг хэлж мэдэхгүй юм.
Эргэн сануулахад, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж буй тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүхэнд анх удаа ийм өндөр ашигтай ажилласан нь энэ. Үүний 150 гаруй тэрбум нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдож байгаагаас үзвэл, төрд 800 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг оногдохоор байна. Үүгээр Засгийн газар төмөр зам барих эсвэл төсвийн алдагдлаа нөхөх эсэхээ шийдэх үлдлээ. Сангийн дэд сайдаас 1072 хувьцааны ногдол ашгаар төсвийн алдагдлыг нөхөх эсэх тухай асуусан боловч одоогоор ийм асуудал яригдаагүй байгаа гэв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсвийн орлого нэг их их наяд төгрөгөөр дутах эрсдэл байгааг дуулгасан юм.
Компанийн тухай хууль болон Үнэт цаасны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах тухай шийдвэр нь төр, иргэн, аж ахуйн нэгж гэж ялгадаггүй. Шийдвэр аль алинд нь тэгш үйлчилдэг. Тэр жишгээр төр ногдол ашгаа авахаа мөн илэрхийлсэн. Харин 800 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг юунд хэрхэн зарцуулах нь өнөөдөр тодорхой бус байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашиг болох 700 гаруй тэрбум төгрөгийг төмөр замын төсөлд зарцуулсан. Энэхүү бүтээн байгуулалтад дахиад ч энэ хэмжээний хөрөнгө дутагдалтай байгаа. Төр хүсвэл ногдол ашгаасаа татгалзаж болох юм. Ийм тохиолдолд төсвийн алдагдал нөхөх бус төмөр замын төслөө урагшлуулах эсвэл компани шаардлагатай байгаа баяжуулах үйлдвэр барих зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө зарах сонголт байна. Төр өөрийн ногдол ашгаа хэдэн хувийг нь зарцуулахыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой”-н компаниас төр өөрт ногдох ногдол ашгаа юунд зарцуулах эсэхийг тодруулсан боловч гүйцэтгэх захирал Б.Ганхуяг эзгүй байгаа учраас өчигдөр тодорхой хариулт өгч чадсангүй.
Тус компани өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр товлосон байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцааны 15 хувийг иргэд, аж ахуйн нэгж эзэмшиж буй. Хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний 1.8 сая нь хувьцааны дансаа нээлгэжээ. Үлдсэн 600 мянга нь ирэх тавдугаар сараас өмнө хувьцааны дансаа нээлгэх шаардлагатай болж байна. 1072 хувьцааг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, өвлүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй бөгөөд сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй. Зөвхөн эрхийн бичиг төдий байгааг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай өгүүлсэн юм.
“1072 хувьцаа одоо амилаагүй, хаалттай байгаа болохоор өв залгамжлах эрх нээгдээгүй. Монголын хөрөнгийн зах зээлд манай хувьцаа арилжаалагдаад эхэлсэн үед нас барсан иргэний хувьцааг шилжүүлэх эрх үүснэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн “1072 мэдээллийн алба”-ны ажилтан Э.Баатар цогт ярьсан юм. Засгийн газрын 2011 оны 116 дугаар тогтоолоор хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхлэх хүртэл бусдад шилжүүлэхийг хориглосон билээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ