Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногт тохиох сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хэдийгээр манай улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч нийгмийн эрүүл мэндийн байдлын үнэлгээг таван удаа хийсний эцэст коронавирус манай улсад зөөвөрлөгдөн ирэх эрсдэл өндөр байна гэж гараад буй.
БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Сар шинийн баярын өдрүүдэд эрсдэл өндөр нөхцөл байдалд байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог, олон хүн оршин суудаг Япон, БНСУ зэрэг азийн орнуудад халдвар эрчтэй тархаж, 24 цагийн дотор зуу, зуугаараа нэмэгдэж байна. БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм.
Нэг хүнээс маш олон хүнд халдвар тархаж болдог гэдгийг энэ үйл явдал харуулж байгаа бөгөөд манай эрдэмтэн, судлаачдын тооцооллоор нэг хүн халдвар авахад цаашид таван хүнд нэг дор тарааж, тэр таван хүн нь таван мөчлөгийн хугацаа буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тарааж болох юм гэсэн судалгааг хийсэн.
Олон улсад өгч байгаа зөвлөмжид хүн амын бөөгнөрлийг үүсгэхгүй байх, өвчлөлийн сэжигтэй хүн олон нийтийн газар, эмнэлгээр явахгүй, гэр гэртээ байхыг зөвлөж байна.
Тиймээс иргэд онцгой анхааралтай байж, гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон хүсэж байна” гэсэн юм.
БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна.