Өчигдөр /2020.02.21/ Хэнтий аймгийн Онцгой комиссын 2020 оны есдүгээр хуралдаан болжээ. Хуралд Аймгийн удирдлагууд, комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж, 18 сум таван тосгодын онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга нар оролцсон байна. Хурлаар шинэ коронавируст /Covid 19/ халдвараас урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагууд танилцуулж эхэллээ. Үргэлжлээд Монгол улсын Засгийн газрын 64 дүгээр тогтоол, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай, Улсын Онцгой комиссын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “05” дугаар хурлын тэмдэглэл, заавар чиглэл, Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 08: цагаас 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл түр зогсоох арга хэмжээ авах талаар, Бурхан Халдун, Өндөрхаан хайрханы чиглэлийн хөдөлгөөнийг хориглох талаар гэсэн үндсэн дөрвөн асуудлаар хэлэлцэж, аймгийн Засаг даргын захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аймаг, сумдаас гарах, орох иргэд болон автомашины хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлалаа.
2. Аймгаас гадагш чиглэх, аймаг сум хоорондын, сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан Улаанбаатар хотын гурван цэг, Чингис хотод гурван урсгалд хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, хүн, хүч техник хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллуулахыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсайханд үүрэг болголоо.
3. Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун хайрхан, Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг Өндөрхаан хайрхан, сумдын тахилгатай уул, овооны чиглэлийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, уул овоо тахих, уул овоон дээр хүмүүс олуулаа цуглаж, шинийн нэгний нар харах зэрэг уламжлалт арга хэмжээг хязгаарлалаа.
4. Аймгийн хэмжээнд байгууллагуудын ариутгал, халдваргүйтгэл хийх, зөвлөмж өгөх асуудлыг Зооноз өвчин судлалын төвийн дарга Г.Наранхүү, ариутгал халдваргүйтгэлийн чанар байдалд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээд даалгалаа.
5. Сум орон нутгийн түвшинд Сумын засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэгийн багш нар сар шинийн золголтод хяналт тавьж, хүүхдүүдийг бөөнөөр нь айл хэсүүлэхгүй байх, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, сар шинэ тэмдэглэхгүй байх уриалгыг танилцуулж, хамтран зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
6. Улсын онцгой комиссын хурлын тэмдэглэлийн дагуу их дээд болон, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, ерөнхий боловсролын сургуулийн заалнаас бусад заалыг оюутнууд, насанд хүрэгчдэд олгохоор боллоо. Тэгэхээр Чингис хотод зөвхөн БТСГ-ын төв заалыг цагийн хязгаарлалтын дагуу олгоно гэсэн үг. Мөн тэмдэглэлийн дагуу аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа бялдаржуулах төв ажиллахаар боллоо.
7. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас / ар гэрийн гачигдал, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, албан томилолт, ажлын зайлшгүй гэх мэт/ улс, хот хооронд зорчих төрийн алба хаагч болон иргэдийн нотлох баримтыг үндэслэн хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр зорчих хуудас олгож ажиллахыг төв болон сумдын штабын дарга нарт даалгалаа.
8. Хязгаарлалтын дэглэм тогтоосонтой холбогдон гарах зардлыг гамшгийн эрсдэлийн сангаас санхүүжүүлэхийг Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргад үүрэг болголоо.
Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанаас Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Шуурхай штабын дарга Онцгой комиссын орлогч Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Н.Чанцал нарт даалгасан гэж Хэнтий аймгийн ЗДТГ-аас мэдэгдлээ.