Налайх дүүрэгт энэ сарын 20-ны өдөр “Эрдэнийн хөгжил” уурхайд осол гарч, 3 хүний алтан амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Тус уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээ мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ.
Энэ талаар НМХГ-ын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг “Тус уурхайд 2018-2019 онд нийтдээ 8 удаагийн хяналт шалгалт явуулж, 10 гаруй сая төгрөгийн торгууль тавьсан. Хамгийн сүүлд л гэхэд 2019 оны 04 сарын 09-ны өдөр дүүргийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу тус уурхайд дахин хяналт шалгалт хийж, олборлож болох бүхий л хэсэгт лац тавьсан байсан. Харамсалтай нь улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөж ажилласны улмаас ийм хэрэг гарлаа. Бид дүүргийн Цагдаагийн хэлтэст хүртэл хяналт тавих тухай албан бичгийг явуулсан байдаг” гэв.
“Эрдэнийн хөгжил” уурхайн үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг өнгөрсөн 2018 оноос хойш эрх бүхий байгууллага, холбогдох яам, Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж байжээ.