Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 сард АНУ-д айлчлахдаа Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох асуудлыг эрчимжүүлэхээр АНУ-ын сенатор Дан Салливантай уулзаж байв. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх хууль буюу “Гуравдагч хөршийн худалдааны” хууль АНУ-ын конгрессын танхимд дахин өргөн баригдаад байна.
АНУ-ын конгрессын гишүүн Тед Ёоху хэлэхдээ Монгол АНУ-ын худалдааны баримт бичиг бол АНУ нь Монгол улсаас зөвхөн ноос, ноолууран бүтээгдэхүүн авах тухай асуудал биш юм. Энэ бол хоёр орны харилцааны түүхэнд үлдэх улс төрийн ухаалаг алхам болно. Цаашлаад Монголын зах зээл дээр 40,000 ажлын байр бий болгох, үүний 90 хувь нь эмэгтэйчүүд байх боломж нээгдэнэ гэдгийг онцолжээ.
ОХУ, БНХАУ хоёрын дунд байдаг Монгол улс нь АНУ-тай маш хүчтэй ардчилсан түншлэлтэй. Энэ хууль батлагдсанаар АНУ Хятад улсаас авдаг ноос, ноолууран бүтээгдэхүүнээ багасгаж чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсаас авах боломжийг олгох юм. Энэ нь Монголын эдийн засагт ч дэмжлэг болно гэж хэлжээ.