Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тухайлбал Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг.
Энэ жишгээр улсын нийслэл Улаанбаатар хот шөнийн гэрэлт гудамжтай /2017.06.08/ болж байв. Тодруулбал Сөүлийн гудамжийг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулж “АСА” циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг “Шөнийн гэрэлт гудамж” хэмээн нэрлэсэн.
Гэвч нийслэлчүүд эргээд “Шөнийн гудамж”-гүй болсон. Учир нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өмнөх ажлаа хийж барахгүй байж шөнө наргиж цэнгэх тухай асуудлыг дэвэргэж хөөргөж болохгүй. Тийм учраас “Шөнийн гудамж” гэдэг зүйл Улаанбаатарт байхгүй гэж ойлго” хэмээсэн.
С.Амарсайхан даргын дараагий нэг “баяртай” болгох ажил нь талбайн өмнөх зогсоол аж.
Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо бий. Тиймээс ч түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж, Сүхбаатарын талбайн өмнө 200 автомашины зогсоол байгуулж, өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 29-нд тууз хайчлан ашиглалтад оруулж байв. Гэсэн ч ажлаа аваад удаагүй байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайд газар эзэмших зөвшөөрөл олгож улмаар барьцаанд тавьсан асуудлыг судлаж “Ю Би Констракшн” ХХК-нд олгосон газар эзэмших эрхийг өнөөдөр цуцалж буйгаа мэдэгдлээ
Тэрбээр “2006 оны захирамжаар Сүхбаатарын талбайн өмнөх хэсэг буюу 2.5 га газрыг газар доорх байгууламжтай усан оргилуур байгуулах үйл ажиллагаа явуулах зориулалтын дагуу төсөл сонгон шалгаруулсан байдаг боловч өнөөдөр үүнтэй холбоотой бичиг баримт байдаггүй. Дараа нь 2016 онд талбайг шинэчилж автомашины зогсоол хийх тухай захирамж гарч автомашины зогсоол байгуулсан байдаг. Ингэхдээ автомашины зогсоолын ашгаас 30 хувийн ашгийг Улаанбаатар хотын захиргаанд тушаана гэсэн байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн ашиг орж ирээгүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн энэ зогсоолын газрын эрхийг цуцална.
Энэ газрын эрх 2017 онд банкны зээлэнд 9.5 сая ам.долларын барьцаанд тавигдсан байдаг. Улаанбаатар хотын захирагчийн албанаас талбай орчимд ариун цэврийн газар байгуулах гэхээр газар олддоггүй. Гэтэл төв талбайнхаа газрыг хувийн хэвшилд худалдчихсан, банкны барьцаанд тавьсан байгаа нь зүйд нийцэхгүй байна. Тиймээс хууль журмын дагуу өнөөдөр газар эзэмшигчийн эрхийг цуцалж байна” гэлээ.