Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хааж байсан цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан иржээ.
Тэрээр өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж унан, улмаар бөөлжиж байгаад нас барсан байна. Уг хэргийн талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Одоогоор ЗХЖШ-аас ажлын хэсэг гараад хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэн нь ирчихсэн байгаа. Хэргийн шалтгаан нөхцөл хараахан тодорхой болоогүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг ажлаад дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгөх болно” гэлээ.
Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодрууллаа.
-19 настай цэрэг амиа алдсан хэргийн талаар та сонссон уу. Уг асуудлаар мэдээлэл өгнө үү?
-Үдээс хойш энэ талаар мэдээлэл өгнө. Нас барсан цэргийн хэргийг ажлын хэсэг гаргаад шалгуулж байна. Одоогоор тодорхой зүйлгүй байна.
-Цэргийн ангид шинэ цэргийг зодож, дарамталдаг гэх мэдээлэл байнга гардаг?
-Хаана тийм хэрэг гарсан юм. Баримт байвал бидэнд өгөөрэй. Зодож, дарамтлах ёсгүй.