“Ахмадууд тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 17-26 жил насалдаг”
Ахмадууд дунджаар ямар хугацаанд тэтгэвэр авч байгааг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны статистикч О.Өүжингээс тодрууллаа.
– Монгол хүний дундаж наслалт хэд байгаа вэ, Тэтгэврээ авч амжилгүй өөд болох нь гэсэн яриа их байдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
– 2017 оны байдлаар дундаж наслалт 69.89 жил байна. Үүнийг одоо байгаа иргэд 70 жил амьдарна гэж ойлгож болохгүй. Харин тэтгэврийн насны хүн амын буюу 60-аас дээш насны эрэгтэй хүний дундаж наслалт 17.15 байгаа бол 55-аас дээш насны эмэгтэй хүний дундаж наслалт 25.62 байна. Өөрөөр хэлбэл ахмадууд маань тэтгэврээ тогтоолгосноос хойш дунджаар дээрх хугацааны турш амьдарч, тэтгэвэр, тэтгэмжээ авч байна гэсэн үг.
– Дундаж наслалтыг хэрхэн бодож гаргадаг юм бэ. Дундаж наслалт тэтгэвэр авагчдын дундаж наслалт хоёр өөр өөр аргачлалаар бодож гаргадаг юм уу?
– Хүн амын дундаж наслалт гэдэг нь шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа юм. Харин тодорхой насыг насалсан хүний цаашид амьдрах дундаж хугацааг тодорхойлохдоо тухайн насны хүн амын нас баралтын түвшин, нас барах магадлал зэрэгт тулгуурлан нас насны бүлгээр нь тооцоолж гаргадаг.
“20 жил 6 сараас дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол тэтгэврээ тогтоолгох боломжтой”
НДЕГ-ын Хэтийн тооцоо, нэрийн дансны асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэвэр тогтоолгох хугацаанд орсон өөрчлөлтийн талаар тодруулсан юм.
– Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?
– Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр өмнө нь эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрээд тэтгэврээ тогтоолгодог байсан бол жил бүр 3 сараар нэмэх замаар 65 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор болж байгаа юм. Жишээлбэл, 2019 онд эрэгтэй даатгуулагч 60 нас 6 сар, эмэгтэй даатгуулагч 55 нас 6 сар хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг.
– Тэтгэврийн нас заавал хойшлохгүй, болзол хангасан даатгуулагч 55, 60-тайдаа тэтгэвэрт гарч болно гэж сонссон. Энэ үнэн үү?
– Тийм. Гэхдээ хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан байх ёстой. Энэ жилийн тухайд даатгуулагч 20 жил 6 сар ба түүнээс дээш хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол урьдын адил эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгох боломж хэвээрээ гэсэн үг юм.
-Тэгвэл өнгөрсөн жил хэчнээн хүний тэтгэвэр тогтоолгох хугацаа хойшилсон бэ?
– Өнгөрсөн онд 29,043 тэтгэвэр авагч шинээр тэтгэврээ тогтоолгосон байна. Үүнээс 3,217 хүний тэтгэврийн нас хойшилжээ. Харин үлдсэн 90 хувь нь хуучин нөхцөлөөрөө буюу эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэврээ тогтоолгосон байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн хувьд ихэвчлэн 25 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн байдаг.
Тэтгэвэр тогтоолгох нас нь болсон ч хуулиндаа өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгож болно гэж заасан тул 40 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн ч бий. Тэгэхээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас хойшлох дээрх хуулийн заалт нөлөөлөх даатгуулагчийн тоо харьцангуй бага байна гэж хэлж болно.
ЧД-ийн 18-р хорооны иргэн Ц.Дуламсүрэн: “Би 2018 оны 12 дугаар сарын 24-нд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч эхэлсэн. Улсад нийтдээ 38 жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж ирсэн. Тэтгэвэр тогтоолгохоор очихдоо 55 наснаас хэдэн сараар хойшлох юм байна гэсэн ойлголттой очсон.
Харин “Шимтгэл төлж ажилласан хугацаа хангалттай болохоор тэтгэвэр тогтоох нас хойшлохгүй” гэж нийгмийн даатгалын ажилтан тайлбарлаж байсан. Тэтгэврийн нас хойшилсон нь надад л лав нөлөөлөөгүй.