Шөнө, оройн цагаар бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлддэг зургаан этгээдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, 2018 оны 5 дугаар сараас эхлэн оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийн хоолойг нь боож эд зүйслийг нь дээрэмддэг зургаан этгээдийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шөний 01 цагт илрүүлэн баривчилжээ.
Тус этгээдүүд Сэлэнгэ аймгийн харъяат бөгөөд 18-19 насны залуучууд аж. Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилггүй, урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй юм байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар ганцаараа явахдаа сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэрэмжлүүлж байна