Өвөр Монголын нэгэн дунд сургууль Монгол улсын төрийн далбаа болон сүлдийг анги танхимдаа байрлуулсан асуудлыг тус улсад шалгаж эхлээд байна. Ийм зураг өмнөх долоо хоногийн мягмар гарагт цахим орчинд тавигдснаасаа хойш хэдийнэ 3 сая гаруй хүн үзээд байгаа юм.
ӨМӨЗО-ны Чифэн хотын Боловсролын товчоо тус дунд сургууль Монгол Улсын төрийн далбааг сургуулийн ханандаа өлгөсөн явдалтай холбоотойгоор эрх баригчид энэ явдлыг шалгаж эхлээд байгааг мэдээлсэн бөгөөд энэ нь бас цахим орчинд мөн ихээхэн маргаан дагуулаад байна. Чифэн гэдэг нь Улаанхад хотын нэр юм байна.
Хүүхдүүд Монголын төрийн далбаа болон сүлд байрлуулсан хананы өмнө дуулж бүжиглэж байгаа зургаа интернетэд байршуулжээ. Мөн зурагныхаа дор Чифэн хотын дунд сургууль гэсэн тодотголоо бичсэн байжээ.
Цахим орчинд өрнөж буй маргаанаас харвал Хятадын интернет хэрэглэгчид “Хүүхдүүд өөр улсын төрийн далбаа сүлдийг анги танхимдаа байрлуулахын буруу зөвийг ойлгож мэдэхээргүй гэнэн балчир байж болно. Харин энэ тухай дунд сургуулийн удирдлага, багш нар юу бодож байсан бэ” гэсэн санааг илүүтэй илэрхийлжээ.
Түүнчлэн энэхүү зургийг шинэ жилийн баярыг тэмдэглэх үеэр авсан байгааг сануулаад үүнийг заавал “манай улсыг салган хуваах” аль эсвэл “бусад улсыг бахдан бахархах” гэсэн санаачлагатай холбон үзэх огтхон ч шаардлаггүй гэж үзэж байгаа цахим хэрэглэгчид ч олон байна.
Харин Чифэн хотын Боловсролын товчооноос “Энэхүү явдлыг орон нутгийн засаг захиргаа нягтлан шалгаж байгаа. Шалгалтын дүнг удахгүй нийтэлнэ” хэмээн мэдэгджээ.