Нийслэлийн хэмжээнд энэ сарын 07-ны байдлаар, амбулаторийн 57.508 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4136 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.2 хувиар их, өнгөрсөн оны мөн үетэй ижил түвшинд байна.
Нийт өвчлөгсдийн 35.6 хувийг 0-1 нас, 26.8 хувийг 2-4, 14.4 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 3098 дуудлага ирснээс 59.5 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 695 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1672 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах бол, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10:00-16:00 цагт ажиллахаар боллоо.
Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.