“Бурхан андууд” эмнэлгийн их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Н.Энхбаяртай ханиад томууны үед хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжиж, эрүүл байлгах тухай ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд томуугийн вирусийн тархалт өндөр байна. Ямар төрлийн вирус давамгайлж байна вэ?
-Энэ жилийн тухайд томуугийн вирусийн дэгдэлт өмнөх жилүүдээс харьцангуй бага байсан. Гэтэл он гарснаас хойш хэдхэн хоногийн дотор томуугийн А хүрээний вирусийн дэгдэлт эрчимжиж, түүнээс үүдэлтэй хүндрэлүүд ихээр гарч байна. Энэ нь эцэг эхчүүд баярын өдрүүдэд хүүхдээ олон нийтийн газраар авч яван даарч, хөргөсөнтэй холбоотой болов уу. Томуугийн А хүрээний вирус хүйтэнд маш тэсвэртэй. Бага зэрэг даарах, хүйтэн зүйл уух, биеийн дархлаа сулрах, халуун хүйтэн харших үед л маш хурдан хугацаанд хоолой боож, өндөр халуураад, таталт өгч, бөөлжөөд, суулгаад эхэлдэг. Богино хугацаанд хүндрэл үүсдэг юм.
-Энэ төрлийн вирус маш хурдан хугацаанд хатгаа болж байгааг мэргэжлийн эмч нар хэлж байна. Богино хугацаанд хатгаа болж байгаа шалтгаан нь юутай холбоотой байна вэ. Эцэг эхчүүдээс үү, эсвэл тухайн вирусийн хоруу чанараас шалтгаалж байна уу?
-Ханиад хүрээд л богино хугацаанд хатгаа тусч байгаа нь хоёр томоохон шалтгаантай байдаг. Нэгд, эцэг эхээс дамжиж ирсэн халдварын удамшилтай холбоотой. Хоёрт, тухайн вирусийн өөрийнх нь онцлог, хоруу чанараас шалтгаалж байгаа юм. А хүрээний халдвар маш хурдан хүндэрдэг, хатгаа болдог онцлогтой.
Хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл аюулын дохио
-Ер нь хүүхдэд ямар шинж тэмдэг илэрвэл хүүхдээ хүндэрч байна гэж үзэж,яаралтай эмчид хандах ёстой вэ?
-Ерөнхийдөө тухайн хүүхэд уух буюу хөхөх чадвартай байна уу, уусан бүхнээ бөөлжиж байна уу, таталт өгсөн үү, тухайн хүүхэд унтаарсан, ухаангүй байна уу гэдгийг ажиглах ёстой. Ийм шинж илэрч байвал аюултай. Яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах ёстой.
Нэг удаагийн ханиадыг биш хүүхдийг өөрийг нь эмчил
-Эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн ч буцаад хүндрээд байгаа тохиолдол их байна. Ханиад дахин сэдэрч байгаа шалтгаан нь юунд байна вэ?
-Ямар нэг ханиад, вирусийн халдварын үед нэг удаагийн ханиадыг эмчлэх нь чухал биш байдаг. Нэг удаагийн ханиадыг эмчилнэ гээд ханиадны эм бичээд байвал хэзээ ч бүтэхгүй. Дахин дахин халдвар аваад өвчлөөд л байдаг. Тэгэхээр тухайн хүүхдээ өөрийг нь эмчлэх хэрэгтэй байгаа юм. Америк Солонгост ч нэг удаагийн ханиадыг биш тухайн хүүхдээ үздэг, өөрөөр хэлбэл гурван үеийн халдварын шинжилгээ авдаг. Аав, ээж нь ямар өвчнөөр өвчилж байсан, удамшлын ямар өвчний шинж байна гэх зэргээр тухайн хүүхдэд ямар төрлийн суурь өвчин байгааг олж, түүнийг нь эмчилдэг. Үнэндээ ямар нэг төрлийн суурь, удамшлын өвчингүй хүүхэд нэг удаагийн ханиад хүрлээ гээд онцгой эмчлэхгүй байсан ч 1-2 хоноод эдгэрчихдэг. Гэтэл тухайн ханиад хүндрээд дахиад байгаа шалтгаан нь төрөлхийн өөрөөр хэлбэл, эхийн гурван үе дамжсан цус багадалт яваад байна. Эхчүүдийн 98,9 хувь нь цус багадалттай байна. Цус багадалттай эхээс эрүүл хүүхэд төрөхгүй шүү дээ. Цус багадалттай хүүхэд ханиаданд өртөмтгий, ханиад авангуутаа шууд хүндрээд, дахин дахиан халдвар аваад байгаа юм.
Мөн хоолойн ангина үүсгэгч байна. Бүх хүнтэй найз болчихсон байж байдаг. Тэр нь хүүхдэд нь удамшиж байна. Мөн сүүлийн үед онцгой анхаарах “MERSA” гээд антибиотект тэсвэртэй халдварууд илэрч байна. Эцэг эх нь хэдэн үе дамжиж антибиотек хэрэглэснээс үүдэлтэй бактери. Өвөө эмээ нь, аав ээж нь, өөрөө гээд гурван үеэрээ антибиотек хэрэглэчихээр бүх антибиотект тэсвэртэй болсон ‘MERSA’ бактери эцэг, эхээс хүүхдэд удамшаад ирж байна. Энэ жил бол энэ “MERSA” нэлээд их илэрч байна. ийм бактерын халдвартай хүүхэд хатгаа нь эдгэхгүй, эсвэл арьсны эдээт үрэвсэлтэй болж, ханиад хүрэмтгий, хүрэхээрээ ямар ч эмэнд эдгэхгүй байна. Хүүхэдтэй болох гэж байгаа бол өөрсдөө бүтэн биеийн шинжилгээ өгч эрүүл болж байж хүүхэдтэй болох шаардлагатай байна.
Ухаалаг утас, цахим хэрэглээ хүүхдийн дархлааг сулруулж, мэдрэл сульдал үүсгэдэг
–Хүүхдийг эрүүл өсгөж, дархлааг нь дэмжих хамгийн сайн аргуудаас зөвлөхгүй юү?
-Хүүхэд эрүүл байхад агаар маш чухал. ялангуяа дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл агаарт гаргах ямар боломж байна, түүнийг ашиглах хэрэгтэй. Манай орон уулархаг бүс нутагт байрладаг нарны шууд тусгалтай их сайхан орон. Агаарт сайн гаргах ёстой. Зундаа агаарт сайн гаргаад байвал хүүхэд эрүүл байна. Мөн ухаалаг утас, зурагтнаас хол байлгах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн дархлааг сулруулна, өөрөө өөрийгөө хамгаалах чадварыг бууруулдаг. Мэдрэл сульдал үүсгэдэг. Мэдрэл сульдал нь бүх өвчний суурь болдог.
Түүнээс гадна зөв аргаар боловсруулж гаргасан цагаан идээ хэрэглэх нь чухал. Ингэж байж хүүхэд кальциа хангалттай авч, рахит буюу сульдаа өвчнөөс сэргийлж чадна. Сульдаа өвчнөөс сэргийлж чадвал хүүхэд амьсгалын замын цочмог халдварт өртөх магадлал буурна шүү дээ. Гэтэл манайхан органик бус аргаар гаргаж авсан цагаан идээ хэрэглэх болсон нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим талаар эрсдэл дагуулж байна. Монголчууд бүгд бие биендээ сэтгэл гаргаад амьдармаар байгаа юм. Хамгийн наад зах нь аарцаа зөв боловсруулаад өгчих хэрэгтэй шүү дээ. Монголчуудад том дутагдал байна. Тэр нь сэтгэл хариуцлага, хоёр алга байна. Бүх зүйл дээр адилхан энэ хоёр зүйл л дутагдаад байгаа юм. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх сэтгэл байх ёстой юм. Хэн нэгнээс хариу нэхэлгүй бусдын төлөө сэтгэл гаргаж сурах ёстой. Түүний хариу өөр хэн нэгнээс ирдэг л байхгүй юу. Бусдын ажил бүтвэл өөрт тус ирнэ гэдгийг бодож байх ёстой. Өнөөдрийн нийгэмд өөрийн ажил л бүтэж байвал болно гэсэн сэтгэхүйтэй хүмүүс олширсон байна.