Өнгөрсөн оны наймдугаар сард ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарч, түүнээс хэдхэн хоногийн дараа галт тэрэг осолдсон ноцтой хэрэг гарсан. Тиймээс ЗТХЯ-ны удирдлагууд ёсзүйн хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тодруулбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Улмаар ЗТХЯ-нд томилгоо хийгдэж, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар, дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтар, харин Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ЗТХЯ–ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон билээ.
Энэ хугацаанд Төрийн албаны зөвлөлөөс ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, улмаар сонгон шалгаруулалтад С.Батболд гэх хүн тэнцжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтад тэнцсэн С.Батболдын материалыг шинэ он гарахын өмнөхөн Засгийн газарт хүргүүлсэн байна. Одоо Засгийн газрын хуралдаанаар С.Батболдыг баталгаажуулж, Төрийн нарийн бичгийн даргаар томилох эсэхийг шийдэх юм байна.
С.Батболд нь сонгон шалгаруулалтад тэнцэхээс өмнө ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан аж.
С.Батболд нь сонгон шалгаруулалтад тэнцэхээс өмнө ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан аж.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс тухайн яамны хэд хэдэн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулт явуулсан байдаг. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргээс улбаалж, дөрвөн газрын даргын албан тушаал “эзэнгүй” хоцорсон юм. Тодруулбал, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, хамтран ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн юм.
Тиймээс Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сарын 10-нд ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа билээ.
Харин хэрэг гарах өдөр хамт байсан гэх ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артур, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, тэдний орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад байсан юм.
Тэгвэл сонгон шалгаруулалтын дүн гарч, Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Ж.Гантөмөрийг, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Батболдыг албан ёсоор томилжээ.
Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан. Тодруулбал, 2017 онд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Харин А.Батболд нь Монголын Төмөр замын анхны даргаар ажиллаж байжээ.
Харин үлдсэн газрын дарга нь түр орлон гүйцэтгэгч хэвээр байна. Тодруулбал, Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Мөн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Д.Доржханд нь өмнө тус газрынхаа буюу Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн бол М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газартаа ажиллаж байгаад ийнхүү даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдоод байгаа юм байна.