Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дэмжсэн. Ингэхдээ хоёр санал нэмснийг мөн төсөлд тусгажээ. Ингэснээр дээрхи хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барих бололтой.
Өчигдөр орой Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар мэдээлэл хийж, хуульд ямар өөрчлөлт оруулж байгааг хэвлэлийнхэнд дуулгасан. Ерөнхийлөгч яагаад ийм хуулийн төсөл санаачлах болсон бэ гэвэл УИХ-ын үйл ажиллагаа гацаад бараг хоёр сар болсон. Үүнийг гацаанаас гаргах боломж нь энэ хуулийн төсөл гэж үзэж байгааг тэрбээр онцолсон.
УИХ-ын тухай хуулинд 10.2.6 гэсэн заалт шинээр нэмж байгаа аж. Энд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн ёсоор болгосон бол” гэсэн заалт орж байгаа аж. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг чөлөөлөх шинэ заалтыг нэмж оруулж байгаа юм байна.
Харин энэ заалтыг нэн яаралтай зарим бүрдэл хэсэггүйгээр хэлэлцэж болох харилцааг зохицуулдаг Дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг мөн өргөн барьж байгаа аж.
Дэгийн тухай хуулийн 16/1 гэдэг заалт байдаг. Хоёр заалттай. Энэ нь Засгийн газраас улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүй, зарим бүрдэл хэсэггүйгээр шууд хэлэлцэх нөхцлийг тодорхойлсон хоёр заалт юм. Харин үүний 3 дахь заалт болгоод “УИХ-ын гишүүдийн олонхи нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьж тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол энэ төслийг энэ хуулийн 16/1, 16/2 заасан журмын дагуу хэлэлцүүлнэ. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн хэрэгжүүлнэ” гэсэн өөрчлөлтийг оруулахаар төлөвлөжээ.