Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Сайн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ малчин П-гийн гэрээс тус аймгийн харьяат иргэн Т /27 настай, эрэгтэй/ 12.27-ны өдрийн 02:00 цагийн орчим аймгийн төв орох гээд явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.28-ны 18:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 26 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр 12.30-ны өдөр Сайншанд сумын төв, Төмөр замын 35 дугаар зөрлөгийн зүүн талаар явганаар 7 км-т, “Үзүүр хайрхан”, “Ам хаяа”, “Булаг” гэдэг газруудаар машинтайгаар 120 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:35 цагт түр зогсоосон. 12.31-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлээд байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Хясааны гарам” гэдэг газар иргэн А-гийн 65-91 УБМ улсын дугаартай “Хьюндай-Айсо” загварын бага оврын автобусны /23 зорчигчтой/ хойд хоёр дугуй мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 12.30-ны өдрийн 17:11 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 14 км зам туулан 17:49 цагт очиж, 30 минут ажиллаж татан гаргасан.