Хүн төрөлхтний түүхэнд тод ул мөрөө үлдээсэн 2018 он дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Улирч буй он жил бүхэн өөрийн гэсэн онцлог, дурсан санагдах үйл явдал, учрал тохиолоор дүүрэн байдаг. Энэ бол нийт хүн төрөлхтөнд хамаатай асуудал. Тэгвэл 2018 онд дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцлох 10 үйл явдлыг өөр өөр эх сурвалжийн мэдээллээс нэгтгэн шүүж уншигчиддаа хүргэж байна.
1.Хельсинкт болсон В.Путин Д.Трамп нарын уулзалтыг түүхэн хэмээн нэрлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалт өнгөрөгч долоодугаар сарын 17-нд Хельсинк хотод болж өндөрлөлөө. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын анхны бие даасан дээд хэмжээний уулзалт байснаараа онцлог юм. Хоёр цаг гаруй үргэлжилсэн энэ уулзалтаар хоёр улсын харилцаа, “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалт болон цөмийн зэвсэг, түүнчлэн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон асуудал, мөн Солонгосын хойгийн эргэн тойрны байдлыг хэлэлцжээ.
2.Саудын Араб эмэгтэйчүүдэд жолооны эрх олгов
Өнгөрсөн зун Саудын Араб гайхалтай шийдвэр гаргасан. Тодруулбал зургадугаар сарын 24-нд тус улсын хаан Салман бен Абдель Азиза Аль Сауд хаант улсынхаа эмэгтэйчүүдэд машин жолоодох эрх олгосон зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ хүртэл тус улс эмэгэтэйчүүдийн машин жолоодох эрхийг хязгаарласан дэлхийн цор ганц улс байсан билээ. Мөн тавдугаар сард эмэгтэйчүүдэд зориулсан жолооны сургалт хичээллэж эхэлжээ.
Саудын Араб эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар хамгийн хатуу консерватив байр суурь баримталдаг улс бөгөөд нийгэм нь бүхлээрээ исламын хатуу ёс жаягийг баримтлахыг шаарддаг. Гэвч Салман хаан болон хүү Мухаммед засгийн эрхэнд гарч ирснээр энэ байдал арай зөөлөрч байна.
Тус улсын “2030 оныг тольдохуй” хөгжлийн төлөвлөгөөнд тусгаснаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг 30%-д хүргэхээр зорьж байгаа аж. Урьд нь эмэгтэйчүүдийг ажил эрхлэхийг хориглодог байв.
3.Хоёр Солонгосын тэргүүн нарын цуврал уулзалтууд
Дэлхий нийтийн улс төр аюулгүй байдалд гарсан томоохон ахиц гэвэл хоёр Солонгосын дээд хэмжээний цуврал уулзалтууд болов.
БНАСАУ болон БНСУ улс хамгийн сүүлд 2007 онд уулзалт хийснээс хойш анх удаа энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд дээд хэмжээний уулзалт зохион байгуулав. Хоёр орны хил дээр орших Панмунжон тосгонд болсон дээд хэмжээний уулзалт хоёр орны цаашдын найрамдал, ойлголцолын эхлэл болж Умардын удирдагч Ким Чен Уны хувьд Солонгосын дайнаас хойш Өмнөдөд зочилсон БНАСАУ-ын анхны ерөнхийлөгч болсон. Үүнээс хойш сарын дараа буюу тавдугаар сарын 26-нд хоёр удирдагч хилийн Панмунжом тосгонд дахин уулзаж, АНУ-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын талаар ярилцжээ. Ингэхдээ Мүүн Жэ Ин хил давж, Панмунжомын Хойд Солонгосын хэсэгт очиж уулзсан.
Энэ оны есдүгээр сарын 18-нд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгост айлчилж Ким Жон Унтай уулзсан. Ууулзалт ярианы гол сэдэв Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, хоёр хилийн дагуух харуулын цэргийн тоог цөөрүүлэх, харилцан нээлттэй хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
4.Ханхүү Харри болон Меган Маркл нарын хурим
Их Британийн ханхүү, хоёрдугаар Элизабет хатан хааны ач хүү Харри жүжигчин Меган Маркл нарын хуримыг энэ оны онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байгаа нь санамсаргүй хэрэг биш бололтой. Ханхүү Харри америкийн жүжигчин Меган Маркл нарын энэхүү цуутай хурим өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 19-нд болсон юм.
Тэд хуримласаныхаа дараа Сассексийн гүн ба гүнгийн авхай хэмээн нэрийдсэн бөгөөд Харри хаан ширээ залгамжлах ханхүү биш, түүнчлэн сүйт бүсгүйн хувьд Америк гаралтайгаас гадна өнгөт арьстан, түүнчлэн өмнө нь гэрлэж байсан, Харригаас гурав эгч буюу 36 настай гэхчлэн Их Британийн хааны гэр бүлд нэлээдгүй өвөрмөц бүсгүй орж байгаагаараа маш онцлог хурим байлаа.
Хуримд хааны гэр бүлийн бүх гишүүд, Америкийн язгууртнууд болон алдартнууд зэрэг 600 гаруй зочид уригдан ирсэн юм. Тухайлбал, дуучин Элтон Жон, Опра Уимфри жүжигчин Жорж Клүүни эхнэрийн хамт, Дэвид Бекхэм эхнэрийн хамт, Энэтхэгийн жүжигчин Прианка Чопра зэрэг салбар бүрийн алдартай зочид ирсэн байна.
Хааны гэр бүлийн энэ хуриманд 45 сая ам доллар зарцуулсан бөгөөд зөвхөн сүйт бүсгүйн хуримын даашинзад 400 мянган ам доллар, оройн хүлээн авалтад 420 мянга ам доллар зарлагджээ.
5.Кубад Кастро нарын эрин дуусав
Куба улсын Төрийн Зөвлөлийн дарга, 86 настай Рауль Кастро энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд төрийн тэргүүний албан тушаалаа Мигель Диас-Канельд хүлээлгэн өгснөөр Куба орныг бараг 60 жилийн турш захирсан ах дүү Кастро нарын эрин үе төгсгөл болж байна гэж гадаадын хэвлэлүүд дүгнэсэн.
Рауль бүр 2017 оны сүүлчээр “Төрийн болон Засгийн газрын тэргүүний хоёр дахь буюу сүүлчийн мандат маань дуусч байна. Куба удахгүй шинэ Ерөнхийлөгчтэй болно” гэж парламентад тавьсан илгээлтдээ өгүүлж байв. Улсын чухал албан тушаалыг нэг хүн хоёр удаа л хаших ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан амандаа тэрбээр ийн хүрэв.
Кастро нарын эрин үеийн дараагийн залгамжлагч нь 58 настай Мигель Марио Диас-Канель Бермудес болов. Тэрбээр өмнө нь Куба улсын дэд ерөнхийлөгчөөр /Төрийн Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга/ ажиллаж байсан, инженер мэргэжилтэй, технократ үзэлтэй Диас-Канель бол хөдөөгийн намын байгууллагын даргаас дэд ерөнхийлөгч болтлоо дэвшсэн маш прагматик улстөрч ажээ.
Кастро нарын 60 жилийн засаглал дууссан ч тус улс коммунист чиг баримжаанаасаа татгалзах эсэх нь одоогоор тодорхойгүй, цоо шинэ Куба улсыг хэрхэн цогцолоох нь тодорхойгүй хэвээр байна.
6.АНУ Элчин сайдын яамаа Иерусалимд шилжүүлэв
2018 оны тавдугаар сарын 14-нд Израиль улс байгуулагдсаныхаа 70 жилийн ойгоор Еврейн улс гайхалтай бэлэг Вашингтоноос хүлээн авсан нь АНУ Элчин сайдын яамаа Тель-Авиваас шилжүүлж Иерусалимд төвхнүүлсэн явдал байв.
Ингэснээр Цагаан ордон Израилийн нийслэлийг Иерусалим хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаагаа ажил хэргээр бататгасан явдал болсон бөгөөд Д.Трампын энэ шийдвэр Арабын ертөнцийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Учир нь Иерусалим хотын статус нь Палестинчууд болон Израилийн хоорондох маргаантай асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ.
АНУ ЭСЯ-аа шилжүүлэх нь бүр жилийн өмнөөс тодорхой болоод байсан бөгөөд АНУ-ын араас хэд хэдэн улс дипломат төлөөлөгчийн газраа Иерусалим руу шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
ЭСЯ-аа Иерусалимд шилжүүлэх ёслол болохтой зэрэгцээд Газын зурваст эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж Израиль тус бүсэд явган цэргийн хоёр ч бригадыг нэмж оруулахад хүргэсэн юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр АНУ Иерусалимд ЭСЯ-аа нээснийг эсэргүүцсэн арабуудын 55 хувь нь амь насаа алдсан гэх мэдээлэл байдаг.
- Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Оны онцлох үйл явдлын нэг нь ОХУ-д болсон хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байв. Тус улсын хувьд ийм тэмцээнийг анх удаа өөрийн дэвжээн дээрээ явуулсан нь энэ бөгөөд зургадугаар сарын 14-өөс долоодугаар сарын 15 хүртэл ОХУ-ын 11 хотод аварга шалгаруулах тоглолт болсон юм.
21 дэх удаагийн энэхүү тэмцээнд нийтдээ 32 баг оролцсоноос гадна 14,1 тэрбум ам долларын өртөгөөр зохион байгуулагдснаараа дэлхийн хамгийн үнэтэйд тооцогдож байна.
2018 оны дэлхийн аврагын тэмцээний хамгийн том онцлог нь видео туслах шүүгч буюу video assistant referees (VARs) гэх төхөөрөмжийг шинээр нэвтрүүлсэн явдал юм. Энэ удаагийн дэлхийн аваргаар Франц улс тодорч Хорвати удаалсан билээ.
Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2022 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Баруун Өмнөд Ази тивийн төлөөлөл Катар улсад зохион байгуулагдана.
8.Пёнчоны өвлийн олимп
2018 он олимптой жил гэдгээрээ түүхэнд үлдэнэ. Өмнөд Солонгосын Пёнчон хотод хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болсон өвлийн XXIII наадамд дэлхийн 92 орны нийтдээ 2925 тамирчин хурд хүчээ сорьсон бөгөөд оролцогчдынхоо тоогоор дээд амжилтыг тогтоосон юм. Мөн дэлхийн 21 улсын 26 өндөр хэмжээний удирдлагууд оролцов.
16 өдрийн турш үргэлжилсэн цагаан олимпийн тоглолтод тамирчид өвлийн спортын 15 төрлөөр нийтдээ 102 медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд Норвеги улс 39 медиалаар тэргүүлэв.
Тэмцээнд Монголын хоёр цаначин оролцож өрсөлдсөн бөгөөд 600 монголчууд тамирчдаа дэмжсэн гэсэн тоо баримт бий.
Энэ удаагийн өвлийн олимпт ОХУ-ын тамирчид допингийн асуудлаас болж албан ёсны баг болж оролцоогүй бөгөөд харин тус улсын 168 тамирчин ОУОХ-ны туган дор жагсаж, бие даан өрсөлдөж нийт дүнгээрээ 13 дугаар байранд шалгарсан юм. Дараагийн өвлийн олимп БНХАУ-д болно.
9.Тайландад болсон аврах ажиллагаа
Зургадугаар сарын 23-ны өдөр Тайландын хойд нутгийн үерт автсан агуйд хөлбөмбөгийн багийн тамирчин хөвгүүд дасгалжуулагчийнхаа хамт сураггүй болсон юм. Эрэн хайх ажиллагааны дүнд тэдний байгаа газрыг бараг 10 хоногийн дараа илрүүлсэн бөгөөд тамирчин хүүхдүүд Тайландын хамгийн урт агуйнуудын нэг Там Луанд үерийн улмаас нуралт үүсч гацаад байжээ. Тэнд 25 настай дасгалжуулагч болон 11-16 насны 12 хөвгүүн агуйн газрын түвшнээс доош 800 метрээс нэг километр орчим гүн дэх уснаас ил гарсан багахан талбайтай хэсэгт байжээ. Агуйн амнаас тэдний байгаа газар хүртэл 2 км зайтай гэнэ. Аврах ажиллагаанд Тайландын 1,000 гаруй цэрэг, Британи, АНУ, Австрали, Хятадын аврах албаны мэргэжилтнүүд зэрэг гадаадын 13 шумбагч оролцсон юм. Хөвгүүдийн байгаа газрыг анх Британий хоёр шумбагч олж илрүүлсэн юм.
Аврах ажиллагааг мэргэжилтнүүд “маш аюултай”, “бараг боломжгүй” гэж тодорхойлж байсан ч азаар бүгдийг эсэн мэнд аварсан нь энэ оны онцгой явдлын нэг байсныг дэлхийн хэвлэлүүд онцолж байгаа юм.
Энэхүү үйл явдалд зориулсан дурсгалын музей барих ажил наймдугаар сард Тайландад эхэлснээс гадна Там Лауны агуйг зорьж очсон жуулчдын тоо үлэмж нэмэгдэж зөвхөн 11 дүгээр сард гэхэд л 1000-аас хол давжээ.
10.Ангараг гаригийн салхины дууг эх дэлхийд сонсов
АНУ-ын сансар судлалын агентлагийн “Insight” сансрын төхөөрөмж зургаан сарын турш 480 сая километр замыг туулсны эцэст энэ оны 11 дүгээр сарын 26-нд Улаан нүдэн буюу Ангараг гариг дээр амжилттай газардлаа. Энэхүү төхөөрөмж нь Ангараг гариг дээрх бодисууд, гариг хэрхэн бүрэлдэн тогтсон мөн газар доорх геофизик шинж чанаруудыг судлах зорилготой юм.
Судалгааны ажил ойролцоогоор хоёр жил үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. “Insight” төхөөрөмжийн Ангараг гараг дээр амжилттай газардаж буй бичлэгийг дэлхий даяар шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд тус төхөөрөмж дэлхийд илгээсэн анхныхаа бичлэгийн үеэр санамсаргүй байдлаар Ангараг гаригийн салхины хүүгэх чимээг илгээсэн нь шинжлэх ухааны хувьд гайхалтай явдал болов. Ийнхүү хүн төрөлхтөн харь гаригийн салхины хүүгэх дууг анх удаа сонсов.