Сангийн сайдын 2012 онд баталсан нэгэн журам бий. Журам нь Засаг дарга нар “239” гэж нэрлэдэг, “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам юм. Энэ журамд хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин, хортон мэрэгчид тархах, барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг урьдчилан төлөвлөх, нарийвчлан тооцож төсөвт тусгах боломжгүй, Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан байна.
Өөрөөр хэлбэл, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед мөн техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах, таслан зогсоох зорилгоор Засаг даргын нөөц хөрөнгийг зориулахаар тусгажээ. Ингэхдээ Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувийг нөөцөд заавал байлгаж, шаардлагатай тохиолдолд зарцуулахаар заасан байна. Энэ нь ямар ч тохиолдолд Засаг даргын нөөц хөрөнгийн 30-аас доошгүй хувь байгалийн гэнэтийн үзэгдэл, аюул ослын үеэр хэрэглэгдэхэд бэлэн байх ёстой гэсэн үг юм. Нөөц хөрөнгийг Засаг даргын захирамжаар зарцуулах ба хэрэв хохирлыг арилгахтай холбогдон Засгийн газрын нөөц сангаас нэмэлт хөрөнгө гаргах зайлшгүй шаардлагатай бол тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан зардлын тайлан, тооцоо, тайлбар, танилцуулгыг нэмж шаардагдах зардлын саналын хамт Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэх юм.
Харин тухайн арга хэмжээ, төслийг хариуцан гүйцэтгэж байгаа байгууллага, ажилтан хөрөнгийн зарцуулалтын тайланг уг арга хэмжээг хэрэгжүүлж дууссанаас хойш ажлын 15 хоногийн дотор гаргаж, тухайн шатны Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
Энэхүү журамд онцлох бас нэг заалт нь дээр дурдсан байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед түүний хохирлыг бууруулж, үр дагаварыг арилгахаас бусад зориулалтаар Засаг даргын нөөц хөрөнгөөс хөрөнгө оруулалтын зардал гаргах, олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно гэж заасан байна.