Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзахаар төлөвлөөд байна.
Японы Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2018 оны эхний хагас жилд 34 сая ам.долларын туслалцаа үзүүлжээ. Түүнчлэн хоёр орны Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд дан ганц уул уурхайгаар бус хөдөө аж ахуй аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хүрээг тэлэхээс гадна Монгол инженерүүдийг үе шаттай бэлтгэж эхэлсэн. Эхний 200 оюутан Японд инженерийн чиглэлээр суралцаж байна.
Онцолход, айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны хүмүүс багтан, ажиллаж байна. Айлчлал энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.