ПАРИС. /BBC/. Франц улс даяар өрнөж буй шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаалын үеэр Марсель хотын нэгэн оршин суугчийн байшингийн цонхоор шидэгдэн орж ирсэн нулимс асгаруулагчийн саванд оногдсоны улмаас 80 настай эмэгтэй амиа алдсан байна.
Жагсагчдын эсэргүүцэл өрнөж байсан газрын ойролцоох орон сууцанд амьдардаг уг эмэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч харамсалтайгаар амиа алджээ. Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсагчид амьжиргааны өртөг өндөр байгааг мөн эсэргүүцэж байгаа юм.
“Хоёр долоо хоног гаруйн өмнөөс өрнөж эхэлсэн уг эсэргүүцлийн жагсаалын улмаас гурван хүн амиа алдсан” гэж Цагдаагийн газрын төлөөлөгч өнгөрсөн ням гарагт мэдээлсэн байна.
Францын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, улс даяар өрнөж буй жагсаалд нийт 136 мянга орчим хүн оролцсон нь “Шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжигчдийн тоо улам нэмэгдсээр буйг харуулж байгаа ажээ.
Францын хуулиар автомашин болгонд авч явахыг шаарддаг цацруулагчтай шар хантаазыг жагсагчид өмссөнтэй холбогдуулан тэднийг “Шар хантаазтнууд” гэж нэрлэсэн байна.