“Нэгэнт үнэтэй шатахуун хэрэглэж байгаа юм чинь чанартайг нь хэрэглэмээр байна. Хуурамч, чанаргүй түлш хэрэглэснээс болж машины моторын бензин шүүгч буюу аппаратур форсунк баталгаат хугацаагаа дуусгалгүй солих шаардлагатай болдог. Гурван жилд нэг удаа солих ёстой эд ангийг жилд хоёр солих болж байна. Солиод 3-4 сар явж байтал утаа нь цэнхэртэнэ. Түүнээс дээш зургаан сарын дараа хар утаа хаяж эхэлдэг. Тэгээд л солихоос өөр аргагүй болдог. 2-3 жилийн баталгаатай хэрнээ зургаан сар ч хүрэхгүй солино гэхээр эдийн засгийн хувьд хохиролтой. Нөгөөтэйгүүр солихгүй явснаас болж машиныхаа моторыг цохиулсан иргэд олон байдаг. Түүнчлэн моторын эргэлтээр тодорхой явсан зам, км цаг хугацааны дараа тус эд ангийг солих ёстой.
Гэтэл болохоос нь өмнө өөр шалтгаанаар солиод байхаар уг автомашины бусад эд анги,насжилт тэр хэрээр элэгдэж, хорогддог” гэж иргэн н.Баярмагнай ярьж байна. Сүүлийн үед авто машины сэлбэг хэрэгслийн импорт өссөн нь үүнийг илтгэж байна. Тэгэхээр чанартай түлш Монголд бий юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй. Гэвч чанартай бензин Монголд байхгүй гэдгийг дараах эх сурвалжууд баталж байна. Манай импортлогчид ОХУ-ын зах зээлд одоо ч байсаар байгаа АИ-76, А -80 бензин, дизель түлш оруулж ирээд АИ 92 гэж борлуулж байгаатай холбоотой гэнэ. Учир АИ-76 авто бензин, А-80 дизель түлш хэрэглэдэг техникүүд болох А-69, Лада, Волга түүнчлэн хөдөө аж ахуйд зориулагдсан уулын замын МАЗ, Камаз, Краз, трактор, Самосмол, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг ПАЗ автобус зэрэг маркийн авто машин техникүүд нь энэ түлшээ хэрэглэсээр байгаатай холбоотой. Эдгээр түлш нь Оросын зах зээлд хямд байдгаас гадна хөдөө тосгоны ШТС-уудад илүү ихээр байдаг ажээ. Ялангуяа Оросын хөдөө хээрийн замд социализмын үед ажиллаж байдаг энгийн тоолууртай ШТС-ууд нь одоо ч хэвээрээ ажиллаж хөдөө аж ахуйн трактор, уулын болон модны үйлдвэрийн “Камаз”, “Маз” маркийн автомашинууд нь дээрх шатахууныг хэрэглэдэг.
Гэтэл энэ түлшийг манайхан оруулж ирээд үнэтэй шахдагаас болж агаарыг бохирдуулж машины эд ангийг эвдэж байна хэмээн “Атибус” компанийнхан ярьж байна. Харин ОХУ-д төв суурин газраа бол жинхэнэ чанартай нано технологийн эко бензин, дизель түлшээ хэрэглэдэг. Харамсалтай нь манай импортлогчид чанартайг нь оруулж ирдэггүй нь ашиггүйгээс гадна нефтийн нэмэлт бүтээгдэхүүн хольж нэрэх байдлаар хуурамч шатахуун хийх боломжгүйтэй холбоотой хэмээн эх сурвалж хэлсэн. Учир нь хуучны А-76, АИ-80 дизель түлшинд нэмэлт бүтээгдэхүүн хольж болдогоороо оруулж ирэх үндсэн шалтгаанаас гадна эко нано түлш оруулж ирэх зардлаас хямд тусдаг аж. Том оврын авто машин импортлогчдын холбооны гишүүн О.Баатархүү ярихдаа “Би нэг удаа Улаанбаатараас Баян-Өлгий аймаг орохоор Шунхлай компанийн ШТС-аас “ЛАНД 200” маркийн автомашиндаа шатахуунаа дүүргээд давхихад хүрэх газраа очилгүй шатахуун дуусч эд ангийн бүх гэрэл асч дохио өгсөн байдалтай очсон. Харин цаашаа хил гарч банкаа дүүргээд эргээд Улаанбаатарт ирэхэд шатахуун дуусаагүй. Дээр нь машинд маань ямар ч эвдэрлийн дохио асаагүй. Тэгэхээр манайд чанартай түлш байдаггүйн нэг жишээ үүгээр нотлогдож байна” гэлээ. Түүнээс гадна нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэрэх, холих, аргаар стандартын бус хуурамч шатахуун үйлдвэрлэх байдал газар авсан тухай “Шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны тэргүүн О.Бямбадэлгэр удаа дараа мэдэгдсэн.
Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг стандартын бус хуурамч шатахууны мөрөөр шалгалт хийсэн. МХЕГ-аас “Трафигару”,”Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж,үйл ажиллагааг нь зогсоохоор болсон. Түүнчлэн “Трафигару” компаниас ихэнх аж ахуйн нэгжүүд нефтийн бүтээгдэхүүнээ авдаг. Тиймээс тус компанийн оруулж ирдэг нефтийн 20 орчим нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүнээс онцгой албан татвар авахыг шаардсан дүгнэлт гарчээ. УИХ-ын 2008 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газар 2012 оны 112 дугаар тогтоолоор “дотоодод үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тэглэж зургаан жилийн хугацаатай дагаж мөрдөхөөр болжээ. Энэхүү тогтоолын хүчинтэй хугацаа энэ оноор дуусгавар болж байгаа тул дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ноогдуулахыг Засгийн газраас шаардаж буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд онцгой албан татвар ноогдуулах талаар саналаа хүргүүлсэн тухай АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан.
Одоогоор Монгол Улсын хилээр нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд таван хувийн гаалийн албан татвар төлдөг ч онцгой татваргүйгээр оруулж ирдэг. Нөгөөтэйгүүр манайд газрын тос болон шатахууны шинжилгээний дөрвөн лаборатори байдаг ч бүгд импортлогчидоос хараат нөхцөлд ажилладаг. Учир нь эдгээр лабораторид шилжүүлсэн бүтээгдэхүүн стандарт шаардлага хангадаг гэж дүгнэлт гардаг. Харин “Шатахуун хэрэглэгчдийн холбоо” хараат бусаар ОХУ-д шинжлүүлэхэд октан болон бусад хүхрийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү стандарт шаардлага хангахгүй гэж гардаг. Тиймээс хуурамч шатахуун үйлдвэрлэх гол бэлдэц болох нефтийн нэмэлт бүтээгдэхүүнд гаалийн онцгой албан татвар ноогдуулах хэрэгтэй гэж салбарынхан хэлж байна. Үүнийг мэргэжлийн байгууллагууд болоод улсын дөрвөн лаборатори нотолсон хэмээн эх сурвалж өгүүлж байна.
Автомашины зогсоолд болон ШТС-ын ойролцоо өтгөн хар тос хаа сайгүй асгарсан харагддаг. Нефть импортлогчид байгальд ээлтэй евро түлшийг дэлхийн улс орнууд гарган авсан. Бага шатахуунаар их замыг туулж, машин техникийн эд ангиудад ээлтэй нано түлш хэмээн сурталчилж бүх ШТС-уудад худалдаалж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч энэ нь хуурамч түлш байдаг аж. Өөрөөр хэлбэл евро дизель түлш нь бензин шиг шингэн тунгалаг ногоон шар өнгөтэй болж технологийн шинчлэлийн явцад өтгөн хараас ийнхүү өөрчлөгдсөн ч тэд хэрэглэгчдээ хуурсаар. 1630 төгрөг байсан А-92 түлш өнөөдөр 2390 төгрөг болж өссөн. Үнэтэй түлш хэрэглэж байна. Харамсалтай нь чанаргүй. Үнэтэй ч чанартай түлш хэрэглэе гэвч боломжгүй ийм л байна.