Засгийн газрыг унагахаар гарын үсэг зурсан 27 гишүүний 10 нь хууртагдсанаа ухаараад буйг баттай эх сурвалжууд хэлж байна. Учир нь тэд уран яруу ярих авьяастай Ж.Мөнхбат гишүүний худлаа сүржигнэсэн хуурай худал мэдээлэлд автаж, Засгийн газрыг огцруулах албан бичигт гарын үсэг зурчихжээ. Ж.Мөнхбат саарал ордон дахь үймээнийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд үеэлтэйгээ гар зөрүүлсэн зөвлөх Т.Зөнбилэгийгээ улс төрийн тоглоомд ашиглаж, улмаар нэр бүхий улстөрчдөд гүн сэтгэгдэл төрүүлж чаджээ.
Мань эр хэвлэлийн хурал хийн “Миний зөвлөх Т.Зөнбилэгийг зодож надад улс төрийн анхааруулга, дохио өглөө” хэмээн мэдэгдсэн нь тухайн үедээ яах аргагүй дуулиан дагуулсан нь үнэн. Улс төр ид бужигнаж байхтай зэрэгцэн юу болох нь энэ вэ гэж хүлээж авагсад цөөнгүй байсан. Тэгвэл Ж.Мөнхбат гишүүн “өөрийг нь улс төр машиндах нь” гэсэн утгатай үгсийг хэвлэлээр дайгаад зогсохгүй, засаг огцруулах бичиг барьж гишүүдийн өрөөгөөр савчиж гүйхдээ хохирогчийн дүрд сайн тогложээ.
“Манай зөвлөхийг надаас болоод алахаа шахлаа, энэ улс төр арай ч дээ” хэмээн гонгинож явсан түүнийг харж уяраад, “нээрээ юу болоод байна” гэж өрөвдөж, гайхах зуураа гарын үсгээ хулхидуулаад “алдчихсан” 10 гишүүн одоо халаглацгааж байна. Ямартаа л тэд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга дээрээ очиж, Ж.Мөнхбатын тэрхэн зуурын заль мэхний давалгаанд өртөж, гарын үсгээ зурчихлаа хэмээн учраа хэлж, уучлал эрж яваа аж.
Маргааш эрх баригч намын Удирдах зөвлөл хуралдана. Мөн УИХ дахь намын бүлэг хуралдана. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар улс төрийн шийдвэрээ гаргана. Олон өдөр бужигнасан улс төрийн тогооны халууны хэм намжиж, эргэн хэвэндээ орох төлөвтэй байна. УИХ дахь эрх баригч намын 64 гишүүний 37 нь засгийг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Тэгвэл гарын үсэг зурсан 27 гишүүний 10 нь Ж.Мөнхбатын явуургүй заль мэхний золиос болсноо ухаарч, үйлдлээсээ буцаж эхэлсэн тул Удирдах зөвлөл хийгээд Намын бүлгээс гарах шийдвэр ерөнхийдөө тодорхой ойлгогдож байна.
Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэхэд Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарын засаг огцруулах явуулга хангалттай КНОП авч чадахгүй нь тодорхой болоод байна. МАНАН яг хаана байна вэ гэж төөрсөн хэдэн гишүүний өрөвч хийгээд учраа олохгүй сэтгэл зүйгээр бүрэн тоглочихлоо гэж маадгар байсан Ж.Мөнхбат нарын хувьд байдал үнэндээ хүндэрч таарах нь. Тэдний явуулга биеллээ олохгүйгээс хойш, намын зүгээс ХАРИУЦЛАГА ярих нь ойлгомжтой. Ж.Мөнхбатыг өрөвдсөндөө гарын үсгээ тавиад туучихсан өнөөх 10 гишүүн яг энэ асуудлыг ухамсарлаж ойлгоод байгаа аж. Намаар дамжиж хууль тогтоох дээд байгууллагад, хариуцлагатай албанд суучихаад, засаг төрөө үймүүлж, нам руугаа нулимсан хүмүүстэй хариуцлага ярих нь зүйн хэрэг биз.