Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газар байгуулагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Би анх томилогдохдоо чуулганы индрээс хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч яваа. Нийгмийн уур амьсгал их бухимдуу байна. Би өнгөрсөн хугацаанд 13 аймагт ажиллалаа. Ард түмэн надаас хоёр зүйл хүсч байгаа. Нэгдүгээр, төрийн албанд шударга ёсыг тогтоох. Хоёрдугаарт, эдийн засгийг сэргээх, амжилтай амьдралтай байх. Иргэд маань эхлээлд шударга ёс дараа нь ахуй амьдралаа ярьдаг болсон байна.
Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэн хүлээж байгаа шударга ёсыг тогтоох. Хоёрдугаарт, зарим нэг хүмүүсийг ажилтай амьдралтай байлгахын төлөө буулт хийх. Би бол нэгдүгээр замыг нь сонгож байгаа. Би ард түмний итгэл алдрах вий гэдгээс айж байгаагаа хэлсэн. Би төрд ажиллаж байгаа бүх хүнд “Ард түмний итгэх итгэл алдарч байна шүү. Хөдлөх цаг боллоо” гэж хэлж байгаа. Шударга ёс тогтоох, хариуцлага тооцох цаг болсон. МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсон гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрлээ. Хүмүүс МАНАН гэж байдаг юм байна гэж ярьдаг. Үнэн юм байна. Нам дамжсан олигархиуд, төрийн мөнгөөр баяжсан бүр сүүлдээ үр хүүхдүүд нь төрд шургалсан хүмүүстэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Гэвч эрх мэдэл, хуулийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол надад байна. Айгаад байх зүйл алга. Би УИХ-ын даргыг ажлаа өгөхийг шаардсан. 60 тэрбумын бичлэг хийгдсэн нь үнэн. М.Энхболд гэдэг хүн тэнд байсан нь үнэн. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар худалдах ажлыг зохион байгуулах ийм яриа болсон уу гэвэл болсон. Хэрэгжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Хууль шүүхийн байгууллага тогтооно. Түүнийг газрын наймаачин гэж нэрлэдэг. Энэ бас үнэн. Үүнийхээ төлөө УИХ-ын дарга огцрох ёстой. Би Д.Хаянхярвааг огцор гэж шаардсаны дагуу огцруулсан. Улаанбаатар хотын даргыг бас огцор гэсэн. Учир нь, сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Ард түмний өмнө тулгамдаж байгаа олон чухал ажлыг хийсэнгүй.
Миний тавьсан шаардлагуудыг эсэргүүцэж Засгийн газрыг огцруулах асуудал тавьсан. УИХ-ын дарга бид хоёр бол багын найзууд. Улс төрд олон жил хамт явсан. Гэхдээ би өнөөдөр найз нөхрөө, намаа бус, улс орноо бодохоор шийдсэн.
Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлж байна. Би төрөө цэвэрлэхийн тулд намаа цэвэрлэх шаардлагатай болсон. Энэ ажлыг хийх ёстой хүн нь би мөнөөс мөн. Засгийн газрыг эсэргүүцэж 27 хүн мэдэгдэл хийсэн. Тэр 27 хүнийг хэн нь хэн бэ гэдгийг сайн хараарай.
Миний тэмцэл цаашдаа улам хатуурах болно. Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэдэг үг байдаг. Ардчилал шударга ёсоо хамгаалах цаг болсон. Үүний төлөө ганцхан Ерөнхий сайд нь зориглоод чадахгүй. Ард түмнээрээ зориглох ёстой. Дэвшилтэт үзэлтэй хүн болгон нэгдээсэй гэж хүсч байна. Би улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй ҮАБЗ-ийн гишүүн. Би гудамж талбайд үймээн самуун үүсч долоодугаар сарын 1 шиг зүйл болоосой гэж огт хүсэхгүй байгаа. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Монголын ардчиллыг парламентын засаглал аварна гэж боддог. Гэхдээ бид парламентын засаглалаа боловсронгуй болгох шаардлагатай байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Энэ Үндсэн хуулиар 27 жил амьдарлаа. Үндсэн хуульд сайн зүйл олон бий. Гэхдээ амьдрал өөрчлөхийг шаардаж байна. Тиймээс үүнийг соргогоор мэдэрч цаг алдахгүйгээр энэ ажлыг хийх хэрэгтэй.
Би намын дарга болон Ерөнхий сайдын хувьд ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Цаашдаа ч хариуцлага тооцох хүмүүс бий. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хууль хяналтын байгууллага шалгаад буруутайг нь тогтоосон тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. ЖДҮХС-гаа зээл авсан гишүүд зээлээ төлж байгаа. Энэ мөнгийг зээл авч чадаагүй хүмүүст олгоно.
Би намын даргын хувьд цаашдаа МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Улс төрийн намуудад шударга ёсыг тогтоох, сайн сайхан нийгэмд амьдрах хүсэлтэй олон хүн бий. Парламентад суудалтай болон суудалгүй бүх намд ийм хүмүүс бий. Би энэ хүмүүсийг нийлж нэгдээсэй гэж хүсч байна. Бүгд эх орноо гэсэн нэгэн туган дор шударга бус зүйлтэй тэмцэх хэрэгтэй. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн яриад байдаг шударга бусын хонгил гэж үнэхээр байдаг юм байна. Би тэр хонгил дотор өөрийн биеэрээ явж байна. 2023 он гэхэд шатахууны үйлдвэртэй болно. Цэвэрлэх байгууламж эхлээд явж байна. Энэ хонгилыг эвдэж хэмхчих цаг болсон” гэлээ.
Ерөнхий сайд ийнхүү дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-УИХ-ын даргыг огцруулсанаар шударга ёс тогтох уу. Энэ хүн чинь бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн хэвээрээ л байна шүү дээ?
-УИХ-ын дарга гэдэг бол том эрх мэдэлтэй хүн. Хамгийн наад зах нь чуулганы хуралдаанаар ямар асуудлыг оруулах, оруулахгүйг мэддэг. УИХ-ын гишүүдээр үг хэлүүлэх эсэхийг ч мэддэг хүн. Энэ бол удирдагч хүн. Албан тушаалын цаана эрх мэдэл байдаг. Би М.Энхболд гэдэг хүнийг чөлөөлөхийн зэрэгцээ, эрх мэдлээс нь холуулах гээд байгаа юм. Энэ хүнийг чөлөөлж байж парламент эрүүл саруул болно. Ингэж байж парламент зөв ажиллана. Бүх ажлууд гацдаг, хууль хяналтынхан шударгаар ажиллаж чадахаа больсон. Энэ бол М.Энхболд гэдэг хүнтэй шууд холбоотой. Тиймээс энэ хүнийг үтэр түргэн чөлөөлөх ёстой.
-Таныг цэрэг цагдаагийнхантай уулзаад жагсаал зохион байгуулахаар бэлдэж байна гэсэн. Та үнэхээр цэрэг, цагдаагийнхантай уулзсан юм уу?
-Өнгөрсөн бүтэн сайн өдрийн орой 17.00 цагийн үед хэсэг хүмүүс надтай уулзах хүсэлт тавьсан. “Бид тантай уулзалт хиймээр байна. Бид ер нь гудамж талбайд гарахад бэлэн боллоо. Ард түмэн үүнийг шаардаж байна” гэсэн. Би намын байранд очиж уулзсан. 500 орчим хүн цугласан байсан. Тэр хүмүүсийн дунд цэргийн нөхдүүд байсан. Миний таньдаг хүмүүс ч байна лээ. Тэр хүмүүс өөрсдийн үзэл санаагаа илэрхийлсэн. Би тэдэнтэй тайван ярилцсан. “Ингэж болохгүй, хүлээцтэй ханд. Тайван амгалан баймаар байна. Эргэж холбогдож уулзъя” гэсэн. Тэр хүмүүс тайвшраад тарсан. Түүнээс биш цэргийнхнийг зохион байгуулаад хувьсгал тэмцэл хийх гэсэн зүйл байхгүй. УИХ-ын дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй юм ярьж байна лээ. Би ард түмнийхээ өөдөөс зэвсэг агсаж босох хүн биш.
-Өмнөх Засгийн газрыг огцруулсан хүмүүст 950 сая төгрөгийн зээл олгосон гэх юм. Энэ талаар юу хэлэх вэ?
-Би үүнийг мэдэхгүй байна. Хүмүүс харин надаас “Чи хүмүүст 950 сая төгрөг өгчихсөн юм уу” гэж асуугаад байх юм. Энэ асуудлыг хариуцсан сайдыг нь огцруулчихсан. Одоо хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Зээл авсан бүх гишүүдийг шалгаж байгаа.
-Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан 27 хүнийг намаасаа хөөх юм уу?
-Тийм зүйл байхгүй. Гэхдээ энэ хүмүүст хариуцлага тооц гэдгийг манай намынхан хэлж байгаа. Зарим хүнтэй намын хариуцлага тооцно. Та бүхэн удахгүй харах байх.
-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танд намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд нартаа хариуцлага тооцох тодорхой санал тавьсан. Та өнөөдрийг хүртэл яагаад тодорхой зүйл хийхгүй байгаа юм бэ?
-Манай намын Бага хурал удахгүй хуралдана. Намын Бага хурлаар хэнтэй хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Нөхөр Я.Содбаатар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай нь тогтоогдвол энэ хүнийг ажлаас чөлөөлөх шиг амархан юм алга. “Хууль шүүхийн байгууллага буруутай гэж үзвэл ажлаа өгөөрэй” гэж хэлсэн. Өөрөө ч өгнө гэсэн.
-Таныг Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэсэн хардлага байх шиг байна?
-Намайг цэргийн хүн учраас Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж боддог юм шиг байна. Би парламентын засаглалыг дэмждэг. Би хувьдаа бүр хоёр танхимтай парламентын тогтолцоог дэмждэг юм. Манайх шиг жижиг улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой.