Энэ 7 хоногт Тээврийн цагдаагийн алба зам тээврийн осол, хэргийн нийт 1304 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 988 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.
Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, 5 хүн гэмтсэн ба нийслэлд 37 хүн гэмтэж бэртсэн байна.
Зам тээврийн ослын 66 хувь нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 24 хувь нь мөргөлдөх, 6 хувь нь онхолдох, 3 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна. Харин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
- Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Давааны ар” гэх газар асфальтан замд амины Mitsibishi Fuso маркийн автомашиныг зогсож байхад амины Land cruiser-200 автомашин мөргөж мөн эсрэг урсгалаас ирж байсан T.Ipsum маркийн автомашиныг мөргөж, 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
- СХД-ийн нутаг Үйлдвэрчний эвлэлийн гудамж, СХД-ийн ордог гарцанд Pruis маркийн автомашин H.Accent маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 8-9 насны 4 хүүхэд гэмтсэн хэргийг шалгаж байна.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 17 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин гэмтсэн хүний тоо 11 хувиар, согтуугаар тээврийн хэрэгслийн жолоодсон зөрчил 19 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.