“Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана” гэх сүржин амлалттайгаар төрд гарчхаад ард түмнийхээ авах ёстой сангаас их хэмжээний мөнгө “хулгайлсан” гишүүдийн тухай асуудал хурцаар яригдаж буй эдгээр өдрүүдэд гудамжнаас үнэт эдлэлтэй хэтэвч олж, тогны мөнгө төлсөн баримтаар эзнийг нь олоод буцааж өгсөн хүүгийн тухай пост ӨНГӨ нэмж байна.
Тодруулбал, цахим ертөнцөд “Энэ мундаг хөөрхөн хүү нэгэн эмээгийн гээсэн үнэт эдлэл, мөнгө зарим зүйлийг олоод цахилгааны төлбөр хийсэн баримтаар нь эмээг олж эд зүйлийг нь хүлээлгэн өгсөн байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэх пост хөвөрч олон мянган хүнд баяр баясал, бахархал омогшил төрүүлж олон арван лайк шэйр цуглуулсан юм.
Тиймээс бид хар бараан мэдээлэл дундаас ХҮН ЧАНАР, ХҮНЛЭГ СЭТГЭЛЭЭРЭЭ онцгойрч сайхан сэтгэл, сайн жишгээр үлгэрлэсэн мундаг хүүтэй уулзахаар цаг товлож, түүний сурдаг 33-р сургуулийг зорилоо.
Биднийг сургууль дээр нь очиход хүүгийн тухай постыг цахим ертөнцөд байршуулсан ангийн багш Г.Пүрэвбаяр нь “Манай Б.Уранбат ангийнхандаа маш сайхан зүйлээр үлгэрлэсэн. Өнөөдөр л гэхэд манай ангийн хоёр охин нэг хүүхдийн гээсэн утсыг олоод ээж, аавтай нь холбогдож буцааж өгсөн байна лээ” гэсээр угтав.
Хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуучхаад хэнээс юу “хулгайлчих уу” гэх өчүүхэн бодлоор өдөр хоногийг өнгөрүүлдэг хүн олон болсон өнөө цагт олсон зүйлээ эзнийг нь олоод буцаагаад өгөх сэтгэлтэй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг сонсоод өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрснийг нуух юун.
Бид Г.Пүрэвбаяр багшаар Б.Уранбатыгаа дуудуулаад болсон явдлын талаар цөөн хором ярилцлаа.
-Гудамжнаас түрийвч олоод эзэнд нь буцааж өгсөн гэсэн. Яг хаанаас олсон бэ. Яагаад эзнийг нь олж өгье гэж бодсон бэ?
-Минийх биш учраас эзэнд буцааж өгөх ёстой гэж бодсон. Өглөө бэлтгэлдээ явж байгаад КТМС-ийн тэр хавийн байрны урдаас олсон. Тэгээд ойр хавийнхан дэлгүүрүүдээр нь ороод эзнийг нь зөндөө хайсан. Бүгд мэдэхгүй, орж ирээгүй гээд байсан болохоор нь аавруугаа залгаад “Яах вэ, эзнийг нь олж өгмөөр байна” гээд асуусан чинь “Аав нь олоод өгье өө. Аваад ир” гэсэн.
-Тэгээд та хоёр эзнийг нь яаж олов?
-Дотор нь тогны мөнгө төлсөн баримтаас өөр эзнийг нь олоход хэрэг болчхоор зүйл байгаагүй учраас аав маань тогны кодоор нь утсыг хайж олоод эзэнтэй нь холбогдсон.
–Ойр хавийнхан дэлгүүрүүдээр хайсан гэсэн. Хэчнээн дэлгүүрээр оров?
-Тэр хавийн бүх дэлгүүрээр орж, түрийвчээ алга болгосон гэж хүн орж ирсэн үү гээд асуусан.
-Түрийвчнийхээ эзнийг олоод буцааж өгөхөд ямар сэтгэгдэл төрөв. Гоё байсан уу?
-Хүсэл биелж байгаа юм шиг үнэхээр гоё санагдсан.
-Түрийвчний эзэн эмээ юу гэж хэлсэн?
-Маш их баярлалаа. Яасан сайн хүүхэд вэ гэсэн.
-Багшийнхан оруулсан пост маш олон лайк шэйр цуглуулж, их олон хүнд хүрсэн байсан. Харсан уу?
-Харсан. Хараад бүр гайхсан. Зөндөө олон хүн “мундаг хүүхэд байна. Аав хүү хоёрт баяр хүргэе” гээд бичсэн байсан. Бас нэг эгч чатаар орж ирээд “Эгч нь дүүгээ шагнамаар байна. Бас ийм мундаг хүүхдийг хүүтэйгээ танилцуулж сайхан найзууд болгомоор байна. Уулзъя” гэсэн.
-Тэгээд чи зөвшөөрсөн үү?
-Зөвшөөрсөн. Өнөө орой ээжтэйгээ хамт гэрт нь очихоор болсон.
-Б.Уранбат бэлтгэлд явж байсан гэсэн. Юуны бэлтгэлд явдаг юм бэ?
-Би таеквондагаар хичээллэдэг. 2013 оноос хойш таеквондагаар хичээллэж байгаа. Өнгөрсөн жил олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан.
-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?
-Тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг хүн болохыг хүсдэг. Яагаад гэвэл манай ангийн охин өвдчихсөн хүнд хагалгаанд орох гэж байгаа. Гэтэл бид нар тэр найздаа сайн тусалж чадахгүй байна. Тиймээс том болоод тийм хүүхдүүдэд тусалж чаддаг хүн болохыг хүсдэг.
Энэ хүрээд Б.Уранбатын хичээл рүүгээ орох цаг болж бидний яриа өндөрлөсөн юм. Ангийн багш нь бидэнтэй хамт үлдэж, “Манай Б.Уранбат их мундаг хүүхэд. Үргэлж л хүнд тусалж явдаг. Хүн шагнамаар байна гээд холбогдсон чинь ээждээ “Намайг шагнаж мөнгө өгвөл би О. Ундралын эмчилгээний зардалд хандивламаар байна” гэж хэлсэн байсан. Өнөө цагт ийм хүүхэд үнэхээр ховордсон шүү хэмээн бахархалтайгаар хэлж байсан юм.Мөн тэрбээр, “Манай ангид О.Ундрал гээд охин байдаг. Төрөхийн хүндрэлээр ээж нь өнгөрчихсөн. Тухайн үед эмч нар нь охинд хиймэл амьсгал хийхдээ буруу хийснээс болоод хавирга нь цөмөрч ороод Зүрх, уушги нь дарагдаж, нурууны гэмтэлтэй болчихсон юм байна лээ. Бага байхаасаа эхлээд л маш олон хагалгаа хийлгэсэн одоо хамгийн сүүлийн хагалгаагаа хийлгэх гэж байгаа. Уг нь Монголд арай хямд зардлаар хагалгаа хийх боломжтой ч зүрх нь муу болохоор эрсдэлтэй гээд эмч нар нь шийдтэй хариу өгөхгүй байгаа юм байна лээ. Харин Солонгост хагалгаа хийлгэвэл, зардал бараг 100 сая болно гэсэн. Тийм учраас Н.Уранбат болон манай ангийнхан бүгдээрээ туслахыг хүсч, охидууд нь үсний даруулга, гар урлалын зүйл хийж хөвгүүд нь модоор тоглоом хийж зарахаар бэлдэж байгаа. Ямар сайндаа л Б.Уранбат шагнуулбал мөнгөө найзынхаа эмчилгээнд зарцуулна гэж хэлэх вэ дээ. Ер нь манай ангийнхан О.Ундралдаа их хайртай. Нэгдүгээр ангид байх үеэсээ хойш л сургуулийн коридороор явахдаа голдоо оруулаад л хүүхдүүдээс хамгаалж явдаг. Гутлыг нь өмсүүлж, цүнхийг нь үүрч өнөөдрийг хүрсэн. Бүгдээрээ хагалгаа нь амжилттай болоосой. Хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг” гэсэн юм.
Цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй ч амьдралын эрч хүч, итгэл үнэмшлээ алдалгүй хүнд өвчинтэй тэмцэж буй О.Ундрал охин Дэлхийд Монголынхоо нэрийг гаргасан мундаг дизайнер болоод эхийн хайраар дутагддаг асрамжийн газрын хүүхдүүд болон өндөр настай хүмүүст өөрийн гараар хувцас урлаж өгөх мөрөөдөлтэй. Бас ээжийнхээ ачийг хариулахыг чин сэтгэлээсээ хүсдэг гэдгээ бидэнд хэлсэн юм.
Харин бид ангийнхных нь нэгэн адилаар түүнд чадах чинээгээрээ туслахыг хүссэнээ нуух юун.
Төрөхдөө ээжийгээ алдаж, нурууны хүнд гэмтэлтэй, цээж нь цөмөрхий амьсгалж ч чадахгүй байсан охиныг аавынхан төрсөн эгч өргөж авч хүн болгосон бөгөөд тэд хамдтаа өнөөдрийг хүртэл нийт зургаан удаагийн хагалгааны ард гарчээ. Ийм жаахан биенээс гарамгүй их тэсвэр тэвчээр шаардсан эмчилгээг давж гарах сэтгэлийн хаттай бяцхан охин, эмчилгээний зардлыг нь олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа сайхан сэтгэлт ээж, сургуулийн коридороор дайрчих шахан гүйлдэх хүүхдүүдээс зургаан жил хамгаалж, өдөр бүр хамт байхыг хүсдэг ангийнханд аз жаргал бэлэглэхийг сурвалжлагаараа дамжуулан Монголын ард түмэндээ уриалмаар байна.