АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн компанид зээл авч өгсөн асуудал сөхөгдөөд байгаа. Тэрбээр ямар ч сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээл олгосон талаар Сангийн яамны ахлах байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан юм.
Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор “Само мах” компанид хоёр тэрбум, “Он энд офф” компанид нэг тэрбум, “Гетженероус” компанид 980 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна.
Энэ талаар Сангийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн ахлах байцаагч Г.Янжинсүрэнгээс тодруулахад “2015-2016 онд Аж үйлдвэрийн сайдын тушаалаар нийт 23.1 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Жишээ нь, 2015 онд 7.3 тэрбум төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтгүй олгосон байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Тухайн үед олгогдсон эдгээр зээл нь сонгон шалгаруулалтын зохих журмын дагуу явагдсан эсэх нь тодорхойгүй, зээлийн хурлын шийдвэр байхгүй, зээлийн хорооны хурлаар хэлэлцэгдсэн эсэх нь тодорхойгүй, санхүүгийн үндсэн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүйтэй холбоотой асуудлууд бий. Мөн эдгээр зээлийн үндсэн эх баримтыг яаж бүрдүүлсэн нь тодорхойгүй байгаа. Ер нь сайдын тушаалд үндэслэж, олгогдсон зээлүүд хэрхэн яаж батлагдаж байгаа вэ гэхээр тухайн үедээ гаргасан сайдын шийдвэр, сайдын тушаалын хавсралтаар зээл олгогдсон ААН-үүдийн үндсэн баримтуудыг үндэслэсэн байгаа” гэлээ.